Дижитал эринд хүүхдээ өсгөх 12 арга
"i" үеийнхэн гэж хэн бэ?
6-23 насны хүүхдүүд нь пост миллениал эсвэл "Z" буюу "i" үеийнхэн гэдэг ангилалд ордог. Би та бүхэнд энэ үеийнхний талаарх судалгааг танилцуулж, дараа нь пастор, удирдагч, эцэг эхчүүд энэхүү дижитал эрин үед өсвөр насныханд хэрхэн нярав мэт үйлчлэх вэ? гэдэг асуултад хариулахыг хүсэж байна.
Үнэнийг хэлэхэд бүхэл бүтэн нэг үеийнхнийг толгой сэгсрэн, гайхширан бардамнах эсвэл мэдээллийн чиг хандлагыг үл тоомсорлох зэргийн аль нь илүү дор гэм нүгэл гэдгийг хэлж мэдэхгүй юм. Бурханы тусламжтайгаар л бид эдгээрээс хол байх боломжтой.
1995-2012 оны хооронд төрсөн хүмүүсийг "i" үе гэж нэрлэх болсон. Энэ Америкийн хүн амын 24% буюу 74 сая хүн бөгөөд Америкийн түүхэн дэх хамгийн өөр үеийнхэн гэж хэлж болно. Мөн энэ үеийнхэн нь дижитал болон ухаалаг гар утаснаас хамгийн их хамааралтай үе бөгөөд 1995 онд интернет бий болсноос хойш төрсөн хүмүүс юм. Тэдэнд интернет бий болохоос өмнөх амьдралын талаарх ямар ч төсөөлөл байхгүй. Тэд бүгд л ухаалаг гар утасны эрин үед хэдийнээ хөл тавьчихсан. Эцэг эхчүүд бид энэхүү дижитал үеийнхнийг хоньчлон халамжлахад олон бэрхшээлтэй нүүр тулгардаг.
Өсвөрийнхний чиг хандлага
Сан Диего мужийн их сургуулийн сэтгэл судлаач Жиан Твенж "i" үеийнхний талаарх хамгийн системтэй судалгааг хийсэн байдаг. Тэрээр мэдээллийн сан бүрдүүлж, сурвалжлага ярилцлагууд хийсний эцэст өөрийн олж мэдсэнээ "Ухаалаг утас нэг үеийг устгасан уу?" хэмээх гарчигтай, шуугиан тарьсан нийтлэлдээ өгүүлсэн байна. Энэхүү нийтлэл нь хожим гарсан "i" үеийнхэн: Өнөөдрийн энэ их технологийн хэрэглэгч болсон хүүхдүүд яагаад тэрслүү биш, хүлээцтэй боловч аз жаргалгүй, бүхий л талаар эрийн цээнд хүрэхэд бэлэн биш байдаг вэ?гэх номын нэг хэсэг болсон юм.
"Статистикаас харвал энэ үеийн өсвөр насныхан нь үдэшлэгт явах, архи уух, тамхи татах, бэлгийн харилцаанд орох нь харьцангуй бага байдаг."
Том Хэнксийн тоглосон Том хүн гэдэг кинонд насанд хүрэхийг ихэд хүсэх нэгэн үеийнхний тухай өгүүлдэг. Тэгвэл "i" үеийнхэн нь үүний яг эсрэг гэж хэлж болно. Тэд насанд хүрэх шилжилтийн явцаа хойшлуулах чадвартай байдаг аж.
Твенжийн өргөн хүрээг хамруулсан ажиглалт, судалгааны дүгнэлт нь "i" үеийнхнийг аюулгүй гэжээ. Тэд бол цэцэрлэгээ төгсөөд, сургуульд орсон цагаасаа л буудлагын дасгал сургуулилт хийж өссөн анхны үеийнхэн юм. Тэд бол эцэг эхийн халамж, хамгаалалтыг хамгийн их амсаж буй үеийнхэн мөн. Тэд нийгмээс өөрийгөө хамгийн их тусгаарладаг өсвөр үеийнхэн гэж хэлж болно. Бүхий л баримтууд тэднийг хамгийн гэрсэг хүмүүс гэдгийг харуулдаг. Өмнөх үеийнхтэй харьцуулахад "i" үеийн өсвөр насныхан үдэшлэг, болзоонд явах, жолооны үнэмлэх авах, архи уух, тамхи татах, хамгаалах бүсгүй машин унах, бэлгийн харилцаанд орох нь бага байдаг гэдгийг статистик харуулдаг. .
Тэгэхээр дээрх чиг хандлагуудын олонх нь сайн байна. Бид ухаангүй мунхаг зан авиргүй нэг үеийнхэн гарч ирж байгаад баярлах хэрэгтэй. Гэвч Твенжийн хэлснээр энэ бүхэн нь насанд хүрэх үйл явц саатаж, өсвөр үе нь илүү урт үргэлжилж буй дүр зургийг харуулж байна.
"i" үеийнхний шинж чанар
Ийнхүү насанд хүрэх үйл явц саатаж, өсвөр үе нь илүү урт үргэлжилж буй дүр зургаас гадна тэдэнд дараах хэд хэдэн чанар бий:
1. Тэд бол төрөлхийн ухаалаг утас хэрэглэгчид.
Нэгэн судалгаагаас үзвэл АНУ-д анхны ухаалаг гар утсаа авч буй хүүхдүүдийн дундаж нас одоо 10.3 байна. Эдгээр утаснуудын ихэнх нь аав ээжийнх нь хэрэглэж байсан утаснууд байдаг. Харин 12-17 насныхны 80% орчим нь ухаалаг утас хэрэглэдэг гэж үздэг.
2. Тэд цахим орчинд үргэлж идэвхтэй байдаг.
"i" үеийнхэн нь албан болон сайн дурын ажил хийх, сургуулийн үйл ажиллагаанд оролцох, гэрийн даалгавар хийхэд бага цаг зарцуулдаг. Харин тэд гэртээ болон цахим орчинд асар их цаг зарцуулж байна. Тэд нийгэм, найз нөхөд, аливаа харилцаанаасаа болоод цахим орчинд үргэлж идэвхтэй байдаг.
3. Тэд шашнаас ангид байдаг.
"i" үеийнхний 4 хүн тутмын 1 нь аливаа шашны үйл ажиллагаанд оролцдоггүй, хувийн сүнслэг зан үйлийг ч хэрэгжүүлдэггүй байна. "Өмнөх аль ч үеийнхээс илүү шашин шүтлэггүй эцэг эхчүүд тэднийг хүмүүжүүлдэг” (Твенж, 121х). Мэдээж хэрэг энэ үеийнхэнд олон итгэгчид байгаа боловч 4 хүний 1 нь бүрэн шашингүй үзэлтнүүд болоод байна.
4. Тэд олон жижиг мэдээллүүдийг нэгтгэн бие биеэ мэддэг.
"АНУ-д анхны ухаалаг гар утсаа авч буй хүүхдүүдийн дундаж нас одоо 10.3 байна."
Клайв Томбсоны нэрлэснээр "хүрээлэн буй орчныг ухамсарлахуй" гэдэг чадварыг ашигласнаар өсвөр үеийнхэн нь өөр өөр зураг, нийтлэл, жиргээ зэрэг нийгмийн сүлжээнээс бага сага хэсгүүдийг авч, эвлүүлээд, бие биеийнхээ талаар илүү ихийг мэдэж авдаг байна (Smarter Than You Think, 209–244). Миний хувьд бол хэн нэгэнтэй биечлэн уулзахдаа бодит амьдралыг нь цахим орчин дахь амьдралаар нь дүгнэн харилцана гэдэг байж боломгүй хэрэг. Харин өсвөр насныхан төрөлхийн л ийм байдаг. Хэдийгээр тэд тусдаа байгаа ч дэлгэцээр дамжуулан хүрээлэн буй орчноо ухамсарлах замаар бие биетэйгээ холбогдож чаддаг. Тэд бие биеийнхээ талаар дижитал хэлбэрээр, хэсэг хэсгээр суралцдаг гэсэн үг юм.
5. Тэд нийгмийн шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөгчид
Твенжийн хэлснээр миллениал үеийнхэн нь (1981-1996) угийн өөдрөг үзэлтэй хүмүүс байдаг. Харин "i" үеийнхэн маань илүү сөрөг, нийгмийн асуудалд илүү мэдрэмтгий бөгөөд эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахад хэзээд бэлэн байдаг. Бидний харснаар тэд нийгмийн шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөдөг бөгөөд үүнийг Паркланд жагсаал (Parklandrally) , Амьдралынхаа төлөө тэмцье (March for Our Lives), Үндэсний сургуулийн жагсаалын өдөр (National School Walkout Day), #Дахин хэзээ ч зөвшөөрөхгүй (#NeverAgain) гэх мэт хөдөлгөөнүүдээс харж болно. Энэхүү "i" үеийнхэн нь гэр амьтай хүмүүс байдаг ч тэд жагсаж чаддаг. (Мэдээж энэ нь асуудал дагуулах тохиолдол бий. Учир нь өсвөр насныхан томчуудын улс төрийн зорилгод ашиглагдаж болзошгүй байдгийг Алан Жейкобсын 'Орчин үеийн хүүхдүүдийн тэмцэл хөдөлгөөн' хэмээх нийтлэлд онцолсон байдаг.)" Гэсэн хэдий ч, "i" үеийнхэн нийгмийн асуудалд соргог байдаг бөгөөд энэ байдлаараа тэд 2020 оны сонгуульд томоохон үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Яагаад гэвэл энэ нь пасторууд болон эцэг эхчүүд энэ үеийнхэнтэй хэрхэн харилцахыг тодорхойлдог.
Тэд ямар бэрхшээлтэй нүүр тулгардаг вэ?
Твенжийн судалгаа болон бусад судалгаагаар батлагдсан хамгийн санаа зовоосон үр дүн бол өсвөр насныхны сэтгэл гутралын түвшин огцом өссөн явдал юм. 2012-2015 оны хооронд буюу зөвхөн гурван жилийн хугацаанд л гэхэд хөвгүүдийн дундах сэтгэл гутрал 21%, охидынх 50%-р тус тус өссөн байна. Үүнийг амиа хорлолтын өсөлтөөс харж болно. "Өсвөр насныхны амиа хорлох түвшин 1990-ээд онд буурч, 2000-аад онд тогтворжсоны дараа дахин нэмэгдсэн." 2015 онд 15-19 насныхны дундах амиа хорлолтын түвшин 2007 оныхоос 46%-р, харин 12-14 насныхны дундах амиа хорлох тохиолдол хоёр дахин өссөн байна" (Twenge, 110).
“2012-2015 оны хооронд хөвгүүдийн сэтгэл гутрал 21%-р, охидын сэтгэл гутрал 50%-р тус тус өсжээ.”
Твенж бичихдээ: "Энэ нь "i" үеийнхний парадокс зөрчлийг харуулдаг. Өөрөөр хэлбэл тэд цахим орчимд маш өөдрөг, өөртөө итгэлтэй байдаг ч бодит амьдрал дээр тун эмзэг төдийгүй сэтгэл гутралтай байдаг" гэжээ (102). Тэгэхээр "энэ үеийнхэн нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хамгийн муу түвшинд буюу хямралын ирмэг дээр байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэхүү хямрал нь тэдний утаснаас үүдэлтэй гэж хэлж болно" (эх сурвалж).
"i" үеийнхэн гэж хэн бэ? Тэд нийгмийн шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөгчид. Тэд нийгмийн сүлжээгээр дамжуулан хүрээлэн буй орчин, нийгмийнхээ талаар үргэлж мэдээлэлтэй байдаг. Тэд онлайнаар өөртөө итгэлтэй харагддаг. Тэд цахим орчинд хэзээд идэвхтэй байдаг. Технологи нь тэдний хоорондын харилцааг хялбархан холбож, зохицуулдаг. Мөн технологи нь тэднийг ганцаардалд хөтөлж, амьдралыг нь утгагүй хоосон болгох хор хөнөөлийг дагуулж байна. Эцэг эхчүүдийн ихэнх нь үүнийг мэддэг. Тэд энэ үеийнхний талаарх ном зохиол гарахаас ч өмнө эдгээр асуудлыг харж л байсан.
"i" үеийнхний эцэг эхчүүдэд зориулсан арван хоёр зөвлөгөө
Бид өсвөр насныхан ба дэлгэцийн тухай буюу "дэлгэцийн үеийнхний" талаар маш бодитой авч үзэх хэрэгтэй. Тиймээс танай чуулган болон гэрт аль хэдийнээ яригдаж байгаа асуудлуудын талаар арван хоёр практик зөвлөмжийг санал болгомоор байна.
1. Нийгмийн сүлжээ ашиглаж эхлэх насыг аль болох хойшлуул
Нийгмийн сүлжээ нь хүндхэн асуудал үүсгэдэг. Сэтгүүлч Нэнси Жо Сейлс “Америкийн охид: Нийгмийн сүлжээ ба өсвөр насныхны нууц амьдрал” гэсэн гайхалтай (бас айдас төрүүлэм) ном бичсэн байдаг. Тэрээр нэгэн өсвөр насны охинтой ярилцсан тухайгаа тэмдэглэжээ. Энд “Нийгмийн сүлжээ бидний амьдралыг устгаж байна” хэмээн өнөөх охин хэлсэн байна. Тэгэхэд нь Сейлс түүнээс “Тэгвэл яагаад ашиглахаа больчихож болохгүй байгаа юм бэ?” гэж асуужээ. Тэгтэл охин “Тэгвэл бидэнд амьдрал байхгүй болно” гэж хариулжээ (Sales, 18). Нэг талаар нийгмийн сүлжээ нь өсвөр насныхны амь амьдрал болдог бол нөгөө талаар энэ нь тэдний амь амьдралыг үгүй хийж байдаг байх нь. Бид хүүхдүүддээ энэ парадокс зөрчлийг олж харахад нь туслах хэрэгтэй байна. Нийгмийн сүлжээг буруу ашиглавал үнэтэй зүйлээ алдахад хүргэдэг.
2. Ухаалаг утсыг аль болох хожуу ашиглуул
Хэрэв та хүүхдэдээ текст мессеж бичих боломжтой, Instagram болон Snapchat зэрэг апп-уудтай ухаалаг утас өгвөл тэднийг хянах бараг боломжгүй болдог. Үүний үр дүн хэрхэн илэрдэг талаар би нэг жишээ хэлье.
"Нэг талаар нийгмийн сүлжээ нь өсвөр насныхны амь амьдрал болдог бол нөгөө талаар энэ нь тэдний амь амьдралыг үгүй хийж байдаг. Бид хүүхдүүддээ энэ парадокс зөрчлийг олж харахад нь туслах хэрэгтэй байна."
Таны хүүхдүүд сексийн агуулгатай яриа, нүцгэн зурагтай селфи хүлээн авч болзошгүй бөгөөд та үүнийг хэзээ ч мэдэхгүй өнгөрөх боломжтой. Мөн Сейлс өөрийн номдоо охид хөвгүүдээс нүцгэн зурагтай селфи хүлээн авах үзэгдлийг судалж, энэ нь ихэвчлэн хөвгүүдийн сонирхлоо илэрхийлэх эхний алхам болдог талаар өгүүлжээ. Хөвгүүд ихэвчлэн хариуд нь охидоос нүцгэн зургаа илгээхийг хүсдэг байна. Мэдээж хэрэг бид хүүхдүүддээ энэ талаар урьдчилан анхааруулах ёстой. Гэтэл хүүхдийг тань хүсээгүй байсан ч зурвас хэлбэрээр эсвэл Snapchat-аар нүцгэн зурагтай селфи хүлээн авахаас сэргийлэх боломж эцэг эхчүүдэд бараг байдаггүй. Мөн өсвөр насныхны 47% нь Snapchat-г ашигладаг бөгөөд энэ нь үзсэний дараа устдаг зураг болон “хаягдал селфи” буюу хадгалагддаггүй зургуудыг хүлээн авах, илгээхэд зориулагдсан апп юм. Ухаалаг утасны эрин үед сексийн агуулгатай зурвас, зураг, бичлэгийг хүлээн авах, илгээх нь өсвөр насныхны хувьд “хэвийн” үзэгдэл болжээ. Эдгээр нь хүчирхэг төхөөрөмжүүд юм. Тиймээс ухаалаг утастай болох ёстой гэсэн шахалтын эсрэг зогсож, хүүхдүүдээ хамгаалаарай. Мөн хуучин утсыг эргэн тойронд нь байлгах хэрэггүй.
3. Гэр доторх wifi-г хянаж бай
Манай гэр бүлийн хувьд Wi-Fi-г хэрэгтэй үедээ л асаадаг. Олон чиглүүлэгчтэй (router) бол гэрийн доторх сүлжээг түр зогсоох боломжтой. Гэрийн маань Wi-Fi чиглүүлэгчийн хажууд суулгасан “The Circle” гэх төхөөрөмж надад маш их таалагдсан. Энэ нь үзэх зүйлсийн агуулга, үнэлгээний түвшин болон цагийн хязгаарлалт, унтах цаг зэрэгт үндэслэн Wi-Fi-г бүрэн эсвэл хэсэгчилж унтраах боломжийг олгодог.” Энэ нь чиглүүлэгч болон төхөөрөмж эсвэл компьютерын хоорондох Wi-Fi холболтыг тасалдаг. Төхөөрөмж бүр дээр хяналт тавихын оронд та бүх төхөөрөмжийн мэдээллийн урсгалыг хянах боломжтой гэсэн үг. Үнэхээр гайхалтай. Би гар утсаараа гэрийн Wi-Fi-г түр зогсоох боломжтой байдаг. Гэрт маань буй 2 ухаалаг зурагт, 3 компьютер, iPod, iPad зэргийг бүгдийг нь нэг товчлуур дээр дараад л Wi-Fi-аас нь салгачихна. Хүүхдүүд маань компьютер ашиглахыг хүсвэл тэд яагаад хэрэгтэй байгаагаа тайлбарлан, хүсэлт гаргадаг. Энд илүү их зүйлийг хэлж болох ч энэ нь тэдэнд технологийг тодорхой зорилготойгоор ашиглахад нь туслах нэг арга юм. Wi-Fi үргэлж асаалттай байхгүй тул тэд олдсон боломжоо илүү ухаалаг, үр дүнтэй ашиглах болно.
4. Гэрээс гадуур ухаалаг утасгүйгээр холбогдоорой.
6–12 насны хүүхдүүдэд зориулсан Verizon Gizmo цаг зэргийг ашиглаж болох юм. Gizmo бол зөвхөн ярихад зориулагдсан ухаалаг цаг бөгөөд эцэг эхийн тохируулсан тодорхой тооны дугаарууд руу дуудлага хийж мөн дуудлага хүлээн авах боломжтой байдаг. Мөн эцэг эх нь гар утсан дээрх апп-аараа харах боломжтой GPS байршил тогтоогчтой. Эцэг эхчүүдэд дараах гурван зүйл чухал: (1) Хүүхэдтэйгээ хүссэн үедээ ярих, (2) Хүүхдүүд нь эцэг эх рүүгээ хүссэн үедээ дуудлага хийх, (3) мөн GPS-ийн тусламжтайгаар хүүхдийнхээ байршлыг мэдэх. Ингэхийн тулд танд ухаалаг гар утас төдийлөн хэрэг болохгүй. Gizmo нь эдгээр гурван хэрэгцээг хангах ба өөр илүү дутуу зүйл байдаггүй.Тиймээс энэ нь тэдэнд сайн гэсэн үг. Эдгээр гурван хэрэгцээ тань хангах хамгийн сүүлийн үеийн сонголтуудын талаар та утасныхаа оператораас асуугаарай. Мөн 13-с дээш насныхны хувьд флип утсыг ашиглаж болдог. Энэ төрлийн утаснууд нь хямд төсөр бөгөөд ихэнх нь GPS-ийн байршил тогтоох функцийг дэмждэггүй. Гэсэн ч та өөрт тохирсон функц бүхий утсаа хайж олох нь зүйтэй. Яг тохиромжтой утсаа хайгаад явах үед утасны худалдаачид таныг харь гаригийн хүн мэт харах нь мэдээж. Та үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. Эхнэрийн маань хэлдгээр, та утасны дэлгүүрт ороод худалдагчаас нь хамгийн "балар эртний" утсаа өгөөч гэж асуугаарай.
5. Жил жилээр шат ахих зарчмаас технологийн хэрэглээг нэвтрүүл.
Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь ухаалаг гар утсыг бүхнээс тусдаа технологийн шийдэл гэж үздэг явдал юм. Энэ нь тийм биш. Ухаалаг гар утас нь хүүхэд төрсөн цагаасаа эхлэн танилцаж ирсэн бүх технологийг (ТВ, радио, утас, интернет гм) бүгдийг нь багтаасан хамгийн боловсронгуй бүтээгдэхүүн юм. Тиймээс хүүхдэд ухаалаг гар утас өгөх нь суралцаж, танилцах ёстой технологийн өмнөх үе шатуудыг алгасаад шууд л төгсгөчхөж байгаатай адил гэсэн үг.
"Хэрэв та хүүхдэдээ дататай ухаалаг утас өгсөн л бол тэднийг хянах боломж бараг бүрэн үгүй болно."
Эхнэр бид хоёр технологитой танилцах үе шатыг дараах байдлаар төлөвлөсөн юм: Эхлээд гэрийн Wi-Fi-г хянах нь чухал бөгөөд дараа нь гэрийн дотор л ашиглах боломжтой технологийг танилцуулж эхэлнэ. Цаасан дээр том дөрвөлжин дүрс зураад, зүүн дээд талд нь 0 нас, баруун дээд талд нь 18 нас гэж бичээрэй. Зүүнээс баруун тийш таны хүүхдийн технологитой танилцах анхны 18 жилийн түүхийг харуулна. Одоо зүүн доод хэсгээс эхлэн баруун дээд өнцөг хүртэл өгссөн шат зураарай. Эхний хэдэн жилд та хүүхдэдээ буддаг болон сэтгэхүй хөгжүүлэх тоглоомтой таблет ашиглуулж болох юм. Энэ нь 3 наснаас эхлэн 5, цаашлаад 8 нас хүртэл нь ч иймэрхүү байдлаар явж болно. Дараа нь нэг шат ахиад 6 настайд нь боловсрол олгох видео бичлэг бүхий таблетыг танилцуулаарай. Ингээд дахин нэг шат ахина. Хүүхэд тань 10 нас хүрэхэд гэрийн компьютерыг юм шивэх, хичээл даалгавар хийхэд нь зориулан ашиглуулж болно. Дараа нь дахин нэг шат ахиарай. Gizmo утас, эсвэл флип утсыг танилцуулаарай. Дараа нь дахин нэг шат ахиарай. Тэгээд хүүхдээ 12 нас хүрэхэд нь компьютер дээр Google-с хайлт хийхийг зөвшөөрч эхлээрэй. Дараа нь дахин нэг шат ахиарай. Тодорхой тооны найзуудтайгаа холбогдохын тулд компьютер дээрх Facebook эсвэл мессеж апп-уудыг танилцуулах боломжтой. Дараа нь дахин нэг шат ахиарай. Эцэст нь төгсгөлийн шат болох ухаалаг гар утсыг 15, 16, 17 настайд нь эсвэл 18 хүрэхэд нь ашиглуулбал илүү сайн. Гэхдээ та өөрөө шийдээрэй. Энэ нь хоёр давуу талтай: (1) Та шаардлагатай гэж үзвэл үе шатыг нэмэх боломжтой бөгөөд ингэснээр ухаалаг утас нь дижитал хөгжлийн замналын аль хэсэгт байрлаж байгааг хүүхдэдээ тайлбарлаж өгөх боломжтой болдог. Хэрэв хүүхэд гэрийнхээ Wi-Fi-г зүй зохистой ашиглаад сурчихвал гэрээс гадуур ухаалаг утас ашиглаж эхлэх хугацаа нь илүү ойртоно гэсэн үг. Энэ нь бага зүйлд итгэмжтэй бол их зүйлд ч мөн итгэмжтэй байдаг гэдэг зарчмыг хүүхдэд ойлгуулж байдаг.
(2) Энэ нь эцэг эхчүүд хүүхдүүддээ ухаалаг гар утас болон дата өгсөн бол цаашид тэдний интернетийн хэрэглээг хянах боломжгүй болно гэдгийг сануулж байдаг. Та цаасны зүүн талд буй үе шатуудыг (гэрийн Wi-Fi) баруун талд байгаа ухаалаг утастай (хаа сайгүй ашиглах боломжтой утасны дата) холбон ТОД хар шугам зураарай. Энэ нь үндсэн шилжилтийг буюу технологитой танилцах аянаа төгссөн болохыг илэрхийлнэ.
6. Бүх насныханд болон бүх төхөөрөмжид зориулсан дүрмийн дагуу дэлгэцийг унтлагын өрөөнд бүү ашилга
Үнэхээр шаардлагатай бол 12 цагийн турш буюу оройн 8 цагаас өглөөний 8 цаг хүртэл л ашилга. Тодорхой дүрэм тогтоож, дэлгэцийн хэрэглээг цагийн хуваарьт оруулаарай. Телевизор, тоглоомын төхөөрөмж, таблет, зөөврийн компьютер, эсвэл утас байлгахаас зайлсхий. Нийгмийн сүлжээ ашиглах шаардлага эцэс төгсгөлгүй хөврөх тул үүнийг таслан зогсоож сур. Тоглоомд донтохоос болгоомжил. Унтах хуваарийг сахин мөрд. Бүх төхөөрөмжүүдийг хүүхдийн өрөөнөөс өөр өрөөнд цэнэглэж хонож бай. Эцэх эхийн өрөөнд ийнхүү цэнэглэж хонох нь хамгийн тохиромжтой.
7. Ухаалаг утас ашиглах талаар гэрээ хийгээрэй
Хүүхдээ ухаалаг утас ашиглаж эхлэх үед нь зөв зүйтэй зуршил, цагийн хязгаарлалт, болон гэр бүлийн зүгээс хүсэн хүлээж байгаа зүйлсийг тусгасан гэрээг тэдэнтэй байгуул. Тэд нэвтрэх нэр, нууц үгээ танд мэдэгдсэн байх хэрэгтэй. Түүнчлэн утсыг түр хугацаагаар зогсоох эсвэл идэвхгүй болгох аргуудыг мэддэг бай. Үүрэн сүлжээний ихэнх операторууд үүнийг хялбар шийдээд өгдөг. Ухаалаг утсыг хүүхдүүддээ хэтэрхий эрт ашиглуулчихсан эцэг эхчүүдийн хувьд ч энэхүү гэрээр байгуулахад хэзээ ч оройтдоггүй.
8. Дижитал эрин үеийг хүүхэд бүр хэрхэн хүлээж авч байгааг ажигла.
Энэ асуулт надад тун сонирхолтой санагддаг. Эхнэр бид хоёрт гурвын гурван "i" үеийн хүүхдүүд байна. Түүнээс хоёр нь яг өсвөр насандаа яваа юм. Тэд бүгд дижитал хэрэгслүүдийг өөр өөрөөр ашигладаг. Манайд Dude Perfect-н бичлэгийг 40 удаа үзэж, цагаа дэмий үрэх нэг хүүхэд бий. Өөр нэг хүүхэд маань шинэ хөгжмийн зэмсэг худалдаж аваад, 30 минутын хугацаанд YouTube-ээс бичлэг үзээд л, төлбөртэй хичээл авалгүй үндсэн аккордуудыг нь сурчихна. Тэр яг энэ аргаараа укулеле, төгөлдөр хуур, бишгүүр хөгжмийг сурсан. Энэ бүх бичлэгүүд нь албан ёсны сургалтын түвшинд ч хүрдэг. YouTube хүүхдүүдийн маань мэдрэхүйн шинэ ур чадварыг нээж чаддаг нь үнэхээр гайхалтай. Ний нуугүй хэлэхэд тэд YouTube-ийн сургалтын бичлэгүүдийг аль болох хурдан сураасай гэж би хүсдэг. Гэхдээ мэдээж тэд үүнд бэлэн болох хэрэгтэй.
"Ухаалаг утас өөрөөсөө цоо шинэ нүглийг бий болгодоггүй. Харин хэдийнээ буй нүглийг өдөөж, өсөн нэмэгдүүлж байдаг юм."
Хүүхэд бүр дижитал үеийг өөр өөрөөр хүлээн авч, хариу үйлддэг. Зарим нь нийгмийн сүлжээг ашиглаж 5000 хүнийг дагахыг хүсдэг. Бусад нь нийгмийн сүлжээгээр дамжуулан 5 найзтайгаа харилцаатай байхыг хүсдэг. Тэдний хэрэглээ тун өөр өөр байдаг. Та тэдний дотор юу байгааг ажиглаж, онцлогт нь тохируулан харилцаж, халамжлаарай. Хэрэв хүүхдүүд тань бие биетэйгээ барьцаж, шударга бус байна хэмээн гомдолловол та хүүхэд бүрд өнөөх технологийн хэрэглээний үе шатуудаа тайлбарлаж өгөөрэй. Ингэхдээ тэд тус бүр нэг л өгсөх үйл явцын өөр өөр шатанд байгаа гэдгийг сануулаарай.
9. Сэтгэлийг нь байлдан дагуулахыг зорь
Ухаалаг утас өөрөөсөө цоо шинэ нүглийг бий болгодоггүй. Харин хэдийнээ буй нүглийг өдөөж, өсөн нэмэгдүүлж, өндөр нягтаршилтай дэлгэцээр гаргаж байдаг. Өөрөөр хэлбэл урьд байсан нүглийн сорилт, уруу татлагууд нь шинэ сонирхол татаж, донтуулахуйц түвшинд боломжтой болсон гэсэн үг. Энэхүү дижитал эрин үед эцэг эхчүүд сэтгэлийн гүндээ түгшүүр, айдас мэдэрдэг нь бид өсвөр насны хүүхдүүдийнхээ сэтгэлийг татахын тулд бүх хүчээрээ тэмцэх ёстой гэдгээ ухаарсных юм. Энэ л хамгийн аймшигтай нь. Эцэг эх байна гэдэг хэзээд хүүхдүүдийнхээ сэтгэлийг байлдан дагуулахын төлөөх дайн байсаар ирсэн. Гэвч дижитал эрин үе нь эцэг эхийн үүргээ биелүүлдэггүй, залхуу хойрго байдлыг маань илүү хурдан илчилж байна.
Хэрэв өсвөр насныхан маань бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдал, амьдралын утга учрыг Христээс л олж авахгүй юм бол үүнийгээ өөр ямар нэг зүйлээс эрэн хайх болно. Энэ асуудал үргэлж байсаар ирсэн ч өнөөдөр бүр ч илүү хурцадмал байдалд хүрээд байна. Учир нь тэдний "өөр ямар нэг зүйлээс" сэтгэл ханамжийг эрэлхийлж буй нь ухаалаг утсанд донтох хэлбэрээр илэрч байна. Бид зүгээр л хэдэн үг хэлээд, бүтэнсайнд л Христийг эрхэмлэн хүндлээрэй гэж байгаа юм биш ээ. Бид өдөр бүр Ариун Сүнснээс хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг нээж өгөхийг гуйдаг. Тэд аар саар алив бүхнээс дээгүүр зөвхөн Христийг эрхэмлэн нандигнах ёстой. Эс бөгөөд эдгээр аар саар зүйлс тэднийг бүрэн захирах болно. Тиймээс л эцэг эх үүргээ ухамсарлан, биелүүлнэ гэдэг нэн яаралтай ажил болоод байгаа юм.
10. Дижиталаар дагалдуул
Сургаалт үгсийн цөөн хэдэн эшлэл бариад, түүнийгээ мэргэн зөвлөгөө өгөх шилдэг үр болгон цацах нь хангалттай биш юм. Дижитал эринд өсвөр насныхныг дагалдуулахдаа тэдний зүрхэнд Бичвэрийн үрийг бүхлээр нь суулгаж, булан тохой үлдээлгүй тарьж, суулгах шаардлагатай. Тиймээс л бид байнга тэдний зүрх сэтгэлийн хүслүүдтэй нүүр тулж ажилладаг. Хэрэв бид ухаалаг утсыг уруу татагдахад нь бус харин Христийн талаарх Библийн үнэн рүү чиглүүлэхэд ашиглаж чадвал энэхүү дижитал үед тэдний сэтгэлийг байлдан дагуулах нь үнэндээ урьд хожид байгаагүй дагалдууллын шинэ боломжуудыг бидэнд нээж өгдөг. Энэ л бидний давах ёстой даваа мөн.
Дижитал эрин үед эцэг эхчүүд бидний хариуцлагагүй, хойрго байдал бэлхнээ илчлэгдсэн. Би энэ талаар гүнзгий ярихгүй. Учир нь номонд маань Утас биднийг өөрчилдөг (биднийг гажуудуулдаг) 12 арга замын талаар, мөн бид Бичээсээр хэрхэн энэхүү гажсан замаасаа гарч, өөрчлөгдөх ёстойг тусган өгүүлсэн байгаа. Эцэг эхчүүд (мөн пасторууд) бид өөрсдийн ухаалаг утасны хэрэглээгээ зүй зохистой байлган, даруугаар алдаа дутагдлаа засаж чадвал дараа нь хүүхдүүддээ туслах боломжтой болно. Дижитал эрин үе үнэхээр аймшигтай, асуудалтай харагдаж байж болох ч энэ нь өсвөр насныхныг дагалдуулах гайхалтай шинэ боломжуудыг мөн нээж өгдөг.
11. Гэр бүлээрээ оройн хоолоо идэж, машинаар зугаалж, амралтад яв.
Оройн хоолоо хамтдаа ширээ тойрон сууж идээд, хамтдаа зугаалж, гэр бүлээрээ утасгүй амралтыг зохион байгуулаарай. Хоолны ширээ нь асуудлуудынхаа талаар ярилцах орчин болдог нь үнэхээр гайхалтай. Цагт баригдаж, яаралгүй тайван суугаад, ярилцаж, өдрийн ядаргаагаа тайлах гайхалтай үр жимстэй цаг! Сургуулиар нь сонин сайхан юу болсон бэ? гэх мэт асуултууд хөвөрнө. Ийнхүү оройн хоолны үеэр хүүхдүүдийнхээ амьдралын талаар олж сонсоно шүү дээ. Энэ нөхөрлөл нь гэр бүлийн аялал, амралтад явах үед бүр ч илүү гүзгийрдэг.
12. Чуулганыг босгон байгуулсаар бай
Статистик үзүүлэлтээс харвал "i" үеийнхэн нь өнөөдөр Америкийн хамгийн ганцаардмал үеийнхэн болжээ. Бүр 72+ насны бүлгээс ч илүү ганцаардмал байдаг гэсэн судалгаа байна. Твенж үүний гол шалтгаан бол ухаалаг утас мөн гэж тодорхойлжээ. Гэхдээ iPhone утас гарахаас өмнөх хүчин зүйлсийг судлах нь илүү ухаалаг байж болох юм.
Технологи болон машинуудаар өөрийгөө хүрээлүүлбэл танд өөр хэн ч хэрэггүй. Харин зөвийг нь л сонго, тэгвэл та бүгдийг хийж чадна гэдэг уриа лоозон аль эртнээс л бидний эргэн тойронд байсаар ирсэн. Роботоор дүүрэн дэлхий ертөнц хийгээд үүнээс гарах үр дагавруудыг нь дүрслэн өгүүлсэн шинжлэх ухааны олон арван ном, зохиол бий. Энэ бүхэн нь тэр чигтээ нийгмээс тусгаарлагдсан, ганцаардмал амьдралын тухай байдаг (Ж: Азимовын Нүцгэн нар, 1957). Технологийн эрин үе нь танд хэн ч хэрэггүй мэт мэдрэмжийг өгдөг ч та удахгүй өөрөө хэнд ч хэрэггүй болсноо олж мэддэг.
"Дижитал эрин үе үнэхээр аймшигтай, асуудалтай харагдаж байж болох ч энэ нь өсвөр насныхныг дагалдуулах гайхалтай шинэ боломжуудыг мөн нээж өгдөг."
Танд хэн ч хэрэггүй болох үед нийгэм дэх ганцаардлын түвшин аюултай хэмжээнд хүрдэг. "i" үеийнхэн ч, хөгшид ч, идэр залуус ч ганцаарддаг. Ийнхүү нийгмээс өөрийгөө тусгаарладаг, ганцаардмал үеийнхэн өсөн нэмэгдсээр буй энэ үед нийгмийн сүлжээ нь "өвчнийг бүрэн эмчилдэггүй боловч тоймгүй ихээр хэрэглэсээр байдаг эмтэй адил юм" (Kass, 95). Ухаалаг утас нь биднийг ганцаардлаас маань ангижруулах үйлчилгээтэй "өвчин намдаагч" болдог. Гэвч энэ нь түр зуурын л үйлчилгээ үзүүлдэг.
Бидний хүүхдүүдэд тулгараад буй амин чухал хэрэгцээ бол үнэндээ шинэ дүрэм журам, ухаалаг биш утас, гэрээ тохиролцоо, хил зааг биш ээ. Тэдэнд хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол Христ дотор өсөж, үйлчилж, үйлчлүүлэх орчин бүхий итгэлийн хамт олон юм. Тэд эрүүл саруул чуулганыг олж, түүний нэг хэсэг байх шаардлагатай байна. Тиймээс Христэд үнэнч итгэмжтэй гэр бүлүүд, сүм чуулгануудыг барьж байгуулсаар бай. Өсвөрийнхнийг сонс. Тэднийг бүү дорд үз. Тоглоом шоглоом бүү хий. Тэднийг цахим болон цахим бус орчинд ч зоригтойгоор итгэлээ гэрчилдэг хүчирхэг хүүхдүүд болсноор төсөөл.
Тони Рейнк (@tonyreinke) нь Desiring God-ийн ахлах багш, Ask Pastor John подкастын хөтлөгч, мөн God, Technology, and the Christian Life (2022) номын зохиогч юм. Тэр эхнэр болон гурван хүүхдийн хамт Финикст амьдардаг.

Бишрэн дээдлэм Бурхан
Ертөнцийг орвонгоор нь эргүүлэх 10 үнэн
Astoshed by God
Пастор Жон Пайперын "Бишрэн дээдлэм Бурхан - Ертөнцийг орвонгоор нь эргүүлэх арван үнэн" ном Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Энэ ном бол Бурхан, Ариун Сүнс, Есүс Христ, Чуулган, илгээлт, гэр бүл, эхнэр нөхрийн харилцаа гээд Христ итгэлийн бүхий л үнэнийг 10 бүлэгт хуваан товч бөгөөд тодорхой заасан номлол юм. "Бишрэн дээдлэм Бурхан" хэмээх энэ номоос та Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байж, жинхэнэ аз жаргалыг мэдрэн, Бурханаа алдаршуулан амьдрахын үнэ цэнийг ойлгох болно!
Жон Пайпер