Үнэт цусны хүч Христийн цусаар танд ирсэн гайхамшигт таван ивээл

Хурганы үнэт цусанд Хүч чадал, хүч чадал гайхам агуу хүч чадал бий

Эдгээр үгсийг сонсмогц баяр жаргалтай дурсамжууд маань бодолд хөврөөд л ороод ирдэг юм. Энэ дууг би багадаа цуглаан дээрээ дуулдаг байлаа. Өсгий өлмий хоршуулан цовхчиж дуулдаг сан. Өмнөдийн чуулгануудад хамгийн алдартай дуунуудыг ингэж л дуулдаг байлаа шүү дээ. Аав маань “Үнэт цусны хүч” гэх энэ дуунд хамгаас дуртай байсан санагдана. Тэрээр энэ дууг онцгой чангаар дуулах агаад би ч дагаад дуулж гарна. Чуулган ч бүхэлдээ ердийнхөөс илүү гал цогтой дуулна. Бид хоёр ч дуугаа өндөрсгөн, бусдыг ч сонсолгүй хөөрөн магтдаг сан.

Хаа газрын ямар ч Христитгэгчид Есүс Христийн урсгасан цусанд хүч оршдог гэдгийг баталдаг. Үг ба Сүнсээр яваа нэгэн нь үүнийг хэлүүлэлгүй мэдэрдэг. Тэгвэл та урьд өмнө нь энэ талаар яаж тэр вэ гэж асууж байв уу? Түүний цус шидтэй хэрэг үү? Хэрэв Түүний цусанд хүч бий юм бол үнэн мөнийг нь бид хэрхэн батлан тайлбарлах вэ? Өөрөөр хэлбэл бидний ийнхүү баярлан бахдаад буйн цаана чухам ямар гайхамшигт хүч ажилладаг юм бол?

Түүний цусаар чухам ямар үйл хэрэг гүйцэлдэв ээ?

Шинэ гэрээн дэх Еврейчүүдэд бичсэн захидал нь Хуучин гэрээний тахилын системийг (үүнд урсгадаг цусыг) Шинэ Гэрээтэй болон Есүсийн бүгдийн төлөө ганц удаа өргөсөн тахилтай холбосон байдаг (Еврей 9:7, 12). Библийн туршид цус нь амийг илэрхийлдэг (Тухайлбал, Эхлэл 9:4). Мөн эргүүлээд цус асгарах эсвэл урсах нь үхлийг дүрсэлдэг аж (Левит 17:11, 14, Дэд Хууль 12:23). Тэгвэл Бурханы эсрэг үйлдсэн хүмүүний нүглийн хөлс нь үхэл гэсэн байдаг (Ром 6:23). Тиймээс тогтоогдсон амьтдын тахил буюу тэдний урсах цус нь нүгэлтнүүдийн үүрэх ёстой байсан үхлийн ялыг тэдэнд түр зуур тохоосныг илтгэнэ. Гэсэн ч тэргүүн тахилчид жил бүр “дахин дахин” ирж, тахил өргөх ёстой байлаа (Еврей 9:7, 9:25). Учир нь “бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй” байсан юм (Еврей 10:4) Амьтдын тэдгээр тахилууд нь гарцаагүй ирэх шийтгэлийг торгоон барьж, Бурханы бүрэн дүүрэн гүйцэлдүүлэх цагийг хүлээж байв. Нэг л өдөр Тэрээр нүгэлтэй эцсийн тооцоог хийх болно.

Мэдээж Христ дотор, Шинэ гэрээн дор буй Христитгэгчид бид энэхүү тооцоо бүрэн хийгдсэн гэдэгт итгэж, баярлан тэмдэглэдэг. Есүс Өөрийнхөө хүслээр “бүгдийн төлөө нэг удаа” үнэт “цусаа” урсган (Еврей 9:12) “Өөрийгөө өргөсөн” юм (Еврей 9:14). Ингэснээр өмнө байсан түр зуурын гэрээг (Хуучин гэрээ) бүрэн дүүрэн гүйцэлдүүлж, оронд нь бидний Шинэ гэрээ гэж нэрлэдэг “мөнхийн гэрээг” эхлүүлсэн билээ (Еврей 13:30).

Еврей номд Есүсийн үнэт цусны улмаас Христитгэгчдийн хүртдэг тодорхой ач ивээлийг цохон тэмдэглэсэн нь бий (Еврей 10:19, 13, 12). Энэ тухай элч Паул өгүүлдэг бөгөөд тэрээр Есүсийн цусаар дамжин бидэнд ирдэг олон талт нигүүлслийг онцгойлон тунхагладаг. Нэг талаар бид өөрсдөд минь өгөгддөг нигүүлсэл бүрийг Түүний цустай холбож болох юм. Харин Паулын хувьд энэхүү холбоосыг тавантаа тодорхой болгон өгүүлсэн байдаг. Ингэхдээ тэрээр цусны тухай болоод Христ үхлээрээ бидний төлөө юуг баталгаажуулсныг тодорхой өнцгөөс дурдсан байдаг.

Эвлэрүүлэл: Бурханы зөвт уур хилэнг зайлуулсан нь

Ром 3:25 дээр Есүсийн тухай хэлэхдээ “Түүнд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав” гэжээ. Бурхан шударга тул хүмүүсийнхээ гэм нүгэлтэй өчүүхэн төдий ч эвлэрдэггүй. Тэрээр Өөрийн өршөөл нигүүлсэл дотроо биднийг хайрлахаар сонгосон ч Түүний шударга байдал нь ертөнцийн хүч дор буй Өөрийнх нь эсрэг агуу тэрслэл болох гэм нүглийг тоохгүй орхихгүй юм. Тиймээс Тэрээр хайр энэрэл дотроо Өөрийн шударга байдлыг хөсөрдүүлэхгүйгээр хангахын зэрэгцээ ялгуусан их өршөөл нигүүлслийн замыг тогтоож өгсөн билээ.

Бурхан Хүүгийнхээ махбод дотор хүмүүний мах ба цусыг өмсөн, нүгэлт хүмүүсийн оронд Өөрийгөө тахил болгон өргөсөн. Энэ нь Бурханы зөвт уур хилэнг Өөртөө авч, бидний нүглийн хөлсийг төлөхийн тулд ажгуу. Ийнхүү бид амийг олох учиртай. Үхэх зохилтой байсан хүмүүсийн өмнөөс амиа золиос болгон өргөснийг илтгэх Түүний цус нь зөвт уур хилэнг намжаан эвлэрүүлж, тэнгэрлэг шударга ёсыг ч гүйцэлдүүлэн, нигүүлслийн үүд хаалгыг нээж өгдөг.

Зөвтгөл: Бурхан биднийг бүрэн хүлээн авсан нь

Ром 5:9 дээр “Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид” хэмээсэн байдаг. Энд буй зөвтгөгдсөн гэдэг нь шүүх хурлын үед хэрэглэдэг хэллэг юм. Заргалдагч болон өмгөөлөгч талууд тус бүр хэргээ танилцуулах ба шүүгчид зөвт эсвэл гэм буруутай эсэхийг нь зарлан тунхагладаг. Тэгээд хэрэгт татагдагч тал нь нэг бол гэм буруутай, эсвэл хуулийн дагуу гэм буруугүй буюу зөвт хэмээн тооцогддог.

Итгэлээрээ Есүстэй нэгдсэн хүмүүсийн зөвтгөгддөг шалтгаан нь нэг талаар Түүний орлуулга бүхий үхэлтэй холбоотой. Тэрээр Өөрийн нүглийн улмаас бус (Тэрээр нүгэлгүй байсан) харин бидний нүглийн улмаас Өөрийн хүслээр үнэт цусаа урсгасан юм. Бидний нүглийг далддахаар Түүний асгарсан цус нь биднийг итгэлээр Түүнтэй нэгдэн, зөвт байдлыг нь хуваалцах боломжтой болгосон. Түүний үнэт цусгүйгээр бид зөвт бус байдалдаа хэвээр хоцрох байлаа. Улмаар эцсийн шүүлтэд бид Түүнтэй хамт зогсож, Эцэг биднийг “зөвт” хэмээн тунхаглахгүй байх байсан юм.

Золилт: Жинхэнэ эрх чөлөөг худалдан авч өгсөн нь

Ефес 1:7 дээр “.. бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий” гэсэн байдаг. Энд буй золих гэдэг нь боолчлолд байгаа хэн нэгний эрх чөлөөг эргүүлэн худалдаж авах эсвэл баталгаажуулах гэсэн утгатай. Бид өөрсдийн нүглийн улмаас сүнслэг боолчлолд байсан (эсвэл байсаар байдаг). Бурханы хуулийг зөрчсөнөөр бид Түүний бүхнийг чадагч, зөвт уур хилэнг хүртэх зохистой байлаа. Гэвч Бурханы өмнө бидний нүглийг цагаатгадаг урсгасан цусаараа Тэрээр Өөрийнхөө дотор биднийг зүй бусаас, Сатаны хүчнээс мултлах эрх чөлөөг худалдан авч өгсөн юм. Коллосай 2:13, 14 дээр “Тэр бидний тэрслэл бүхнийг уучилж… бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг арилгав” гэдэг. Есүс загалмай дээр Өөрийгөө өргөснөөр “Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод... тэднийг нийтэд үзүүлэн болгосон” гэжээ (Коллосай 2:15).

Бидний эсрэг ашигласан ёрын нэгний илэрхий зэвсэг нь уучлагдаагүй гэм нүгэл байсан юм. Гэвч Есүс тэрхүү нүглийг маань уучлахын тулд бидний оронд цусаа урсгаснаар биднийг нүглийн боолчлолоос чөлөөлж өгсөн билээ. Тэрээр биднийг Сатан хийгээд нүглийн маань өрийн данснаас, төлөх ёстой хууль ёсны шаардлагаас золин аварчээ.

Уучлал: Хамгийн чухал харилцааг сэргээсэн нь

Энэ сэдэв нь мэдээж давхацсан байгааг харж болно. Бид уучлалын ач холбогдлыг хэдийнээ үзсэн. Гэвч Ефес 2:13 дээр энэ тухай хэлэхдээ “Харин нэгэнтээ алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов” гэжээ. Энд буй “ойр болов” гэсний амин чухал санаа нь тэнгэрлэг Нэгэнтэй харилцах хүн төрөлхтний харилцаа сэргээгдсэн гэдгийг илтгэдэг. Хувь хүний түвшинд энэ нь нүгэлт бидний хэзээ ч олж авч чадахааргүй байсан Бурхантай харилцах ойр дотно харилцааг Христ дотор бий болгосон явдал юм. Харин нийт хүн төрөлхтний түвшинд энэ нь анхнаасаа байсан тэрхүү Бурхантай харилцах харилцааг Христ дотор сэргээсэн явдал байлаа.

Бурханы эсрэг тэрсэлсэн нүгэл хилэнц маань биднийг Түүнээс алслан тусгаарлаж байв. Бурхан Хуучин гэрээнд гэрээнийхээ ард түмэн болох Израилчуудад Өөрийгөө нигүүлслээрээ илчлэн ойртсон байдаг. Харин одоо Шинэ гэрээний энэхүү цаг үед Тэрээр зөвхөн тодорхой үндэстний ард түмнээр үүнийг хязгаарлаагүй байдаг. Тэрээр Хүүг нь итгэлээрээ хүлээн авсан бүхэнд тэдний хэн байх, хэр хол байгаагаас нь үл хамааран ойр болжээ. Чухамдаа энэхүү “Христийн цусаар ойр болов” гэдэг нь Христ цусаараа бидэнд боломжтой болгосон эдгээр бүхий л тэнгэрлэг бэлгүүдийн гол цөм нь мөн. Энэ нь биднийг “Бурханд авчирсан” юм. Түүний үнэт цусны хүч чадлын талаарх хамгийн сайн дүгнэлт бол 1 Петр 3:18-р эшлэлээс өөр үгүй биз ээ. Энд “Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой” гэдэг.

Тайвшрал: Бурхантай энх тайвныг тогтоосон нь

Эцэст нь Бурханы зүгээс Христийн цусны үр нөлөөг харвал энэ нь Бурхан ба хүмүүний хооронд энх тайвныг авчирдаг. Христ дотор Бурхан хүмүүстэйгээ эвлэрч “Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоожээ…” (Коллосай 1:19-20). Тэрээр загалмай дээр цусаа урсгасны учиг нь урьд далд илэрхийлэгдэж байсан бол одоо Паул энд тодорхой болгожээ. Энэ бол Бурхан ба хүмүүний хооронд энх тайвныг авчирдаг “загалмайг цус” билээ. Тэрээр гарцаагүй ирэх байсан аймшигт зовлон шаналал, үгүйрэл сүйрлийг цуцлах энх тайвны гэрээг байгуулсан аж.

Есүс Өөрийн үнэт цусыг зүгээр л санамсаргүй урсгачхаагүй. Түүний үхэл ч санаандгүй байсангүй. Хэдий эмгэнэлтэй ч энэ нь урьдаас шийдэж тогтсон, сайн дурын үйл хэрэг байлаа. Тэрээр шударга бусаар зовж, нүгэлт хүн төрөлхтний улмаас, мөн хүмүүн Бурхан болохынхоо улмаас, Өөрийн хүслээр цусаа урсгасан. Тэрээр хүмүүний нүгэл хийгээд Эцэгийнхээ төлөвлөгөөний улмаас үхэлд Өөрийгөө тушаасан бол Бурхан Түүнийг үхлээс амилуулсан ажээ. Ийнхүү Тэрээр Бурханы зөвт уур хилэнг Өөртөө үүрч, зүй ёсоор бүрэн дүүрэн хүлээн авагдсаныг маань баталгаажуулан, жинхэнэ эрх чөлөөг бидэнд худалдан авч өгөөд, хамгийн чухал харилцааг маань сэргээж, Бурхан ба бидний хооронд энх тайвныг авчирсан билээ. Энэ талаар Паул хэлэхдээ “Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулган” хэмээсэн байдаг (Үйлс 20:28).

Үнэт цус

Үнэт цусны талаарх үг үсгийг Паулын захидлаас үргэлжлүүлэн нэг харвал өнөөх алдарт дууны сүүлчийн мөрөн дэх өргөн уудам нигүүлслийг өнгө будагтай нь харж болно. Хурганы үнэт цусанд Хүч чадал, хүч чадал гайхам агуу хүч чадал бий... Энэ бол үнэхээр үнэт эрхэм цус юм аа.

Элч Петр Есүсийн урсгасан цусыг үнэт хэмээн дүрслэхдээ:

“Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус, харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсоноо мэдэгтүн” гэжээ (1 Петр 1:18-19).

Тиймээс Түүний цусны үнэ цэнийг магтан дуулах нь зохилтой. Ингэснээрээ бид үүний утга бэлгэдэл, ундрах баялгийг нь урамтайгаар тэмдэглэдэг билээ. Энд бид үнэт хэмээн дуулахдаа зүгээр л ая хэмнэлд нь тааруулахын тулд нэмж оруулсан хэрэг биш юм. Түүний цус бидэнд үнэхээр үнэт нандин, үгээр хэлшгүй үнэ цэнтэй. Учир нь Христ Өөрөө, Христийн дотор буй Бурхан Өөрөө бидэнд тийм л эрхэм үнэтэй. Түүний цус л Бурханыг хүсэн тэмүүлж, энэлэн шаналах зүрхний минь хүслийг эгшин зуур бус, эгнэгт бялхаан дүүргэдэг эрхэм үнэт цус билээ.

Давид Матис нь (@davidcmathis) Бурханыг хүсэмжлэхүй үйлчлэлийн (desiringGod.org) гүйцэтгэх редактор, Ситис чуулганы пастор. Тэрээр гэрийн эзэн, дөрвөн хүүхдийн эцэг бөгөөд Баяр хөөрийн ажилчид: Христчин удирдагчдад хандсан Христийн дуудлага номын зохиолч (Workers for Your Joy: The Call of Christ on Christian Leaders, 2022).

ХРИСТИЙГ ТАНЬЖ, БАЯР ХӨӨРИЙГ ОЛОХУЙ

Христийг таньж, баяр хөөрийг олохуй

Seeing and Savoring Jesus Christ

Пастор Жон Пайперын "Христийг таньж, баяр хөөрийг олохуй" хэмээх Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа! "Христийг таньж, баяр хөөрийг олохуй" ном анх 2001 онд хэвлэгдсэн бөгөөд www.Goodreads.com цахим хуудаст олон мянган уншигчаас өндөр үнэлгээ авч 5 оноос 4.6 оноотой болсон байдаг. "Христийг таньж, баяр хөөрийг олохуй" номоос та Христэд итгэх итгэл болон аз жаргалтай амьдрал хоёр салшгүй холбоотойг ойлгох болно! Энэ ном танд Христийн алдар суу, гоо үзэсгэлэн болон нигүүлслийг бүрэн дүүрнээр, бүхий л талаас нь таньж, мэдрэхэд туслах болно. Есүст итгэдэг, итгэдэггүй ч бай хамаагүй та Түүний тухай илүү ихийг мэдэж, мэдэрч, жинхэнэ баяр хөөрийг мэдрээрэй! Энэ номыг та хувийн залбирлынхаа хөтөч болгон ашиглаж болно.

Зохиолч

Жон Пайпер

Худалдаж авахЭхний 10 хуудсыг үнэгүй уншаарай. Энд дарж