Дайснаа ялахын төлөөх залбирал

Нийтлэл- Жон Блүүм Бурханыг хүсэмжлэхүй үйлчлэлийн (desiringGod.org) зохиолч

Цөмрөлт хийх нь дайны талбар дахь цэргийн довтолгооны тухай ойлголт юм. Хэрэв аливаа арми дайсан руугаа довтлон, тэднийг юу ч үгүй сүйрүүлж чадвал энэ нь цөмрөлт болох бөгөөд дайсны газар нутгийг эзлэн авах боломжтой болно.

Харин дайны үед бол стратегийн чухал байршил руу цөмөрч орсон тохиолдолд л ач холбогдолтойд тооцно. Тухайн нутаг дэвсгэрийг хамгаалах гэж хүрээлсэн цэргийн тоогоор стратегийн чухал байршлыг тодорхойлж болно. Чадварлаг генералуудаар удирдуулсан дайсны арми өөрсдийн үнэ цэнтэй зүйлээ ямар ч аргаар хамгаалахад бэлэн байдаг.

Тэгэхээр довтлогч талын арми дайсны шугам руу цөмөрч орохдоо ширүүн эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. Төлөвлөгөөт цөмрөлт хийх нь үргэлж ширүүн тулааныг дагуулдаг. Учир нь стратегийн чухал талбарыг тийм ч амар эзэлж чадахгүй.

Цөмрөлт хийхээр довтолж буй бидний эсрэг хүчирхэг арми сөрөн зогсож байна

Газар нутгийг эзлэх дайны тухай энэхүү ойлголт сүнслэг тулаанд ч ялгаагүй. Газар нутгийн дайнаас ялгаатай нь чуулган бол довтлогч тал юм. Хэдийгээр бид өөрсдийгөө тун ч төвөггүй хамгаалалтын, идэвхгүй төлөвт оруулдаг ч Есүс биднийг зөвхөн хамгаалагчид бус, мөн довтлогч байгаасай гэж хүсдэг. Агуу захирамжид "яв, бүх үндэстнийг дагалдуул" (Матай 28:19) гэсэн байдаг. Энэ бол бүх зүйл "ёрын нэгний дор байдаг" (1 Иохан 5:19) ертөнцөд биднийг тулаанд дуудсан цэргийн хэллэг юм. Бидний зорилго бол диаволын хүслийнхээ дагуу эзэлсэн хүн бүрийг чөлөөлөн суллах юм (2 Тимот 2:26).

"Хэрэв та цөмрөлт хийхээр гуйн залбираад ямар ч үр дүн харахгүй байсан ч бүү бууж өг. Цөмрөлт бүрийн өмнө хүчтэй эсэргүүцэлтэй тулна"

Бид дайсны стратегийн чухал байршлыг тийм ч амар эзэлж чадахгүй гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид өөрсдийн гөжүүд зан, гэм нүглийнхээ эсрэг цөмрөлт хийхээр тулалдаж болно. Эсвэл үл итгэгч ахан дүүс, найз нөхдийнхөө төлөө ч байж болно. Мөн чуулган маань дараагийн түвшинд өсөхийн төлөө, сайнмэдээ хүрээгүй хүмүүст авралын зар тараах, аль эсвэл хавчигдаж буй итгэгчдэд туслах, өнчирч үлдсэн хүүхдүүд болон бэлгийн боолчлолд өртсөн хүмүүсийг аврахын төлөө, мөн хэвлийд бойжиж буй ургийг үр хөндүүлэхээс нь өмнө аврах гэх мэт бидний цөмрөлт хийхээр давшилж буй бүхий л тулаан маань "тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ" (Ефес 6:12). Энэ нь чухам ямар утгатайг бид мэдэхгүй ч эдгээр нь маш хүчирхэг гэдгийг л ойлгож байна.

Даниелын жишээ

Даниел 10:12–14-р эшлэлээс юу болж өрнөснийг товчхон харж болно. Бурханаас харуулсан үзэгдлийг (Даниел 10:3) ойлгон ухаарахын тулд Даниел 21 өдрийн турш зарим зүйлсээр мацаг барин залбирсны эцэст түүний залбирлын хариулт болж тэнгэр элч өөрт нь туслахаар ирдэг. Ингэхдээ өнөөх элч Даниелд туслахаар 21 хоногийн турш ирэхийг оролдсон боловч Персийн хаант улсын жонон түүнийг эсэргүүцсэн гэв. Тиймээс тэргүүн жононгуудын нэг Михаел ирэх хэрэгтэй болжээ.

Даниелд тохиолдсон энэ үйл явдлаас бидэнд сурах зүйл бий. Учир нь энэхүү явдлыг “21 хоногийн турш мацаг барь, залбир, тэгээд Михаел ирж тэнгэрлэг оршихуйд ёрын нэгний хүчийг ялан дийлэхэд тань туслах болно” хэмээн энгийнээр ойлгож болохгүй юм. Харин энэ нь тэнгэрлэг оршихуйд юу болдгийг бид нүдээрээ харж чадахгүйг харуулсан тод жишээ юм. Бурхан биднийг тэнгэрлэг оршихуйн талаар Бичээст илчлэгдсэн бүхнээс илүү ихийг олж мэдээсэй гэж хүсдэггүй. Хэрэв тийм биш байсан бол Тэр Бичээст илүү ихийг илчлэх байсан биз ээ. Харин Тэр харж байгаагаас маань илүү гүн гүнзгий зүйлс сүнслэг оршихуйд болдгийг ойлгож, Түүнээс хариугаа хүлээн авах хүртлээ мацаг барин залбираасай гэж хүсдэг.

Бурхан хөдөлж эхлэхэд Сатан хариу үзүүлдэг

Бурхан хөдөлж эхлэхийн өмнө аливаа сорилт болоод цөхрөнгөө барах эсэргүүцэл улам чангардаг нь тогтсон хэв маяг болсон нь Библийн олон түүхүүдээс харагддаг. Мөн бид Ефес 6, Даниел 10 болон бусад дайны холбогдолтой бичээснүүдийг нухацтай авч үзвэл үүний учрыг ойлгоно. Энэ нь Сатаны өөрийнхөө гэж үздэг газар нутгийг эзлэн авахаар Бурхан довтлох гэж байна. Бурханы хаант улсын их цэрэг харанхуйн хүчний шугамыг цөмлөх гэж байна. (Колоссай 1:13).

"Жинхэнэ сүнслэг цөмрөлтийг залбирахгүйгээр хийх боломжгүй. Дайснаа дарахад залбирал зайлшгүй чухал."

Хэрэв бид эсэргүүцэлтэй тулгарахгүй бол стратегийн ач холбогдолтой байршил руу довтлоогүй байх магадлалтай. Харин эсэргүүцэлтэй тулгарч байвал бид ямар нэг чухал зүйлийг онилсон гэсэн үг. Дайсны хүчээ зузаатгаж байгаа газарт нь бид довтолгоогоо төвлөрүүлэх ёстой.

Хэрэв бид дайсны төвлөрсөн газар амжилттай цөмөрч чадвал ширүүн тулаан хийх болно. Дайснууд нүүр нүдгүй галт сумаар бөмбөгдөж, (Ефес 6:16). ар талаас дайрна. Хуаран дунд маань тагнуулчид шургалсан байх болно. Биднийг элэглэж, айлган сүрдүүлж, буруутгана. Дайсан бидний шийдэмгий байдал, ёс зүйн хэм хэмжээг үгүй хийхээр асар их хүчээр дайрах болно.

Цөмрөлт хийх шийдмэг байдлын төлөөх дуудлага

Энэ бол ариун зорилгын төлөөх дуудлага юм. Сэтгэл алдрахгүйгээр байнга залбир (Лук 18:1). Томоохон дайны туршид олон тулаан болдог. Цөмрөлт хийхэд зарим газар харьцангуй хурдан, амжилттай байдаг бол, зарим газарт нь урт удаан, тэсвэр тэвчээрээ шавхах шаардлагатай болдог. Гэхдээ ямар ч тохиолдолд цөмрөлт нь довтолгоогоо үргэлжлүүлэх шийдэмгий байдлыг шаарддаг.

Үүнд хийх ёстой ажил, гаргах ёстой эр зориг шаардлагатай тул ихэнх үед дан ганц залбирлаар амжилттай цөмрөлт хийж чадахгүй. Гэхдээ жинхэнэ сүнслэг цөмрөлтийг залбиралгүйгээр хийх боломжгүй. Дайсны сүнслэг эсэргүүцлийг сулруулж чадах тодорхой, чиглэсэн, тууштай, хүчирхэг залбирлыг ихэвчлэн хоёр ба түүнээс дээш хүн хийдэг (Матай 18:19). Үүн дээр мацаг барих нь гайхалтай хүчийг нэмдэг. "Мацаг барих нь зүрх юунд төвлөрч буйг шалгадаг. Хэрэв зүрх энэ дэлхийд бус, харин Бурханд төвлөрч байгаа нь илчлэгдвэл Сатаны эсрэг агуу цохилт болдог" (Бурханаар өлсөхүй).

Тиймээс хэрэв та цөмрөлт хийхийн төлөө залбираад ямар ч үр дүн харахгүй, харин ч өмнөхөөсөө илүүгээр эргэлзэн тээнэгэлзэж, цөхөрч бухимдан, улам хүнд сорилтуудтай тулгарч байвал, бүү бууж өг. Төлөвлөгөөт цөмрөлт хийх нь үргэлж ширүүн тулааныг дагуулдаг. Учир нь стратегийн чухал талбарыг тийм ч амар эзэлж чадахгүй. Өөрийнхөө харж байгаагаас ч илүү нэгний эсрэг тулалдаж байгаагаа мэд. Гэхдээ “та нарын дотор байгаа нь дэлхийд байгчаас аугаа” (1 Иохан 4:4). Тэр ертөнцийг ялсан (Иохан 16:33) бөгөөд Тэр чамайг өмгөөлөх болно (Лук 18:8).

Бүү зүрх алд. Шийдэмгий бай. Цөмрөлт хийхэд ойрхон байна.

Амьдралаа бүү үр ном

Амьдралаа бүү үр

Don’t Waste Your Life

Жон Пайперын "Амьдралаа бүү үр" номыг Монгол хэлээр унших боломжтой боллоо. Пастор Жон Пайперын "Амьдралаа бүү үр" (Do not waste you life) ном нь Христ итгэлийн уран зохиолд томоохон байр эзэлдэг бөгөөд өндөр борлуулалттай бүтээл юм. Одоогоор энэ ном дэлхий даяар 1 сая гаруй хувь борлогдсон. 2007 онд Евангелийн Хэвлэлийн Холбооноос "Алтан Номын Шагнал" хүртэж байжээ.

Зохиолч

Жон Пайпер

Худалдаж авахЭхний 10 хуудсыг үнэгүй уншаарай. Энд дарж