Баяр хөөрийн хүчээр бэлгийн нүглээс тэр чөлөөлөгдсөн

Нийтлэл- Жон Пайпер
Бурханыг хүсэмжлэхүй үйлчлэлийн (desiringGod.org) үүсгэн байгуулагч, багш

Августин бол Барууны ертөнцөд үнэхээр гайхалтай нөлөө үзүүлсэн нэгэн юм.

Бенжамин Уорфилд хэлэхдээ Августин нь өөрийн бүтээлээр дамжуулан "Сүм чуулган болон дэлхий дахинаа хувьсгал авчрахуйц хүчтэй түрэн орж ирсэн. Ингэхдээ сүм чуулганы түүхэнд эргэлтийн, шийдвэрлэх үеийг бий болгоод зогсохгүй Барууны ертөнцийн өдийг хүртэлх түүхийг тодорхойлсон юм" гэжээ (Калвин ба Августин, 306). Христитгэлийин түүх сэтгүүлийн нийтлэлчид "Хиппогоос гаралтай Августиныг Христитгэлийн түүхэнд Есүс ба элч Паул хоёрын араас орох хамгийн нөлөө бүхий хүн гэж тодорхойлсон байдаг" (VI боть, №3, х. 2).

Шунал тачаалын тогоо

Августин нь Хиппо хотын ойролцоох Тагаст буюу өнөөгийн Алжирт 354 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэндэлжээ. Түүний аав Патриций нь дундаж орлоготой жирийн л нэгэн тариачин хүн байсан ба Августинд яруу илтгэх урлагт хамгийн сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд шаргуу ажилладаг байлаа. Тиймээс түүнийг арван нэгээс арван таван нас хүртэл нь хорин милийн цаана орших Мадаурад, дараа нэг жил гэрт нь сургаж бэлтгэжээ. Тэгээд арван долоогоос хорин настайд нь Картежид явуулсан байна.

Ингээд түүнийг Картеж руу гурван жилийн хугацаатай сурахаар явах үед ээж нь түүнд садар самуунд уруу татагдаж, өөр хүний эхнэрийн толгойг эргүүлж болохгүй шүү" гэж чин сэтгэлээсээ захисан байдаг. Тэрээр өөрийн Өчил хэмээх зохиолдоо "Би Картежид очоод, шунал тачаалын буцлам халуун тогоонд байгаа өөрийгөө олж харсан юм... Үнэндээ надад зөвхөн Бурхан Та л хэрэгтэй байжээ. Та бол миний сүнсийг тэтгэгч эх ундарга минь билээ. Би ийнхүү ангаж цангаж явснаа даанч мэдээгүй явж" хэмээн өгүүлсэн байдаг (55). Тэрээр тэнд нууц амрагтай болж, түүнтэйгээ арван таван жил хамт амьдрахдаа Адеодат гэдэг хүүтэй болжээ.

Тэгээд арван нэгэн жилийн хугацаанд буюу 19-30 нас хүртлээ тэрээр уламжлалт сургуульд илтгэх урлагийн багшаар ажилласан байна.

Миланд хамба лам Амброзтай хамт

Августин хорин есөн настайдаа Картежаас Ром руу багшлахаар очсон болов ч оюутнуудынхаа зан аашнаас залхаж, 384 онд Миланруу ажиллахаар нүүсэн байдаг. Тэнд тэрээр хамба лам Амброзтай уулзсан юм.

Бодит байдлын талаарх Платоны үзэл санаанд бүрэн автсан байсан Августин бээр “Үг нь махбод болсон” (Иохан 1:14) гэх Библийн сургаалыг сонсоод зог тусан, гайхширчээ (Иохан 1:14). Тээрээр долоо хоног бүр Амброзын номлолыг сонсдог байв. “Түүний уран цэцэг үгэнд чих минь бүрэн авmсан юм. Мөн түүний хэлсэн үгийн үнэнийг би аажим аажмаар ойлгож эхэлсэн” (Өчил, 108). Эцэст нь тэрээр өөрийг нь оюун ухаан, мэдлэг бус, харин бэлгийн дур хүсэл нь хойш татаж байсныг ухаарчээ. Тэрээр “Би эмэгтэй хүнийг гэх хайранд хүлээстэй байжээ ”(Өчил, 168).

Тиймээс түүний аль хүсэл нь ялалт байгуулахаас шалтгаалж хийх тулаан нь тодорхойлогдож байлаа. "Би Танд л сэтгэл ханамжтай байх хүч чадлыг олж авах эрэлд гарсан ч Бурхан ба хүмүүний хоорондох зууч болох Есүс Христтэй уулзах хүртлээ үүнийг олж чадаагүй юм" (Өчил, 152).

Ширүүн тэмцэл

Тэгтэл чуулганы түүхэнд хамгийн чухалд тооцогдох өдрүүд болох нь тэр. Энэхүү түүх нь нигүүлслийн талаарх гайхалтай бүтээл болох Өчил хэмээх зохиолынх нь амин сүнс байв. Энд жинхэнэ тулааны түүх бий.

Уг түүх нь бусад түүхээс илүү ярвигтай ч тулааны оргил хэсгийг харахын тулд эцсийн шийдвэрлэх, хямралын үеийнх нь тухай авч үзье. Тэртээ 386 оны найм дугаар сарын сүүл байлаа. Тэгэхэд Августин гучин гурван настай байсан юм. Тэрээр хамгийн сайн найз Алипийн хамт Египетийн санваартан болох Антонигийн ариун амьдрал, гайхамшигт золиосных нь тухай ярилцаж суув. Бусад хүмүүс Христ дотор ямар ч хүлээсгүй, эрх чөлөөтэй, ариун амьдралаар амьдарч байхад тэрээр ичгүүр сонжуургүй хүсэл тачаалынхаа боолчлол дор буйгаа ухаарчээ.

Бидний байсан байшинтай залгаа нэгэн цэцэрлэг байв... Үймэрч давчидсан зүрхээ тайтгаруулахаар хоргодох газар хайн, тэр цэцэрлэгт би ирлээ. Тэнд дотоод хүнтэйгээ ширүүн тэмцэл өрнүүлэхэд минь хэн ч саад болж чадахааргүй байв... Эрүүл ухаантай болохыг галзууртлаа хүсэмжлэн зогсоно. Амьтай болохын тулд би үхэх хэрэгтэй байлаа... Хүслийг тань эсэргүүцэж, гэрээнд тань орохоос татгалзсан өөртөө ухаангүй ихээр уурлан бачимдана... Би үсээ зулгааж, духаа цохилоод, өвдгөө тэврэн суув. (Өчил, 170–71)

Харуусан гашуудаж, алдаа оноогоо эргэцүүлэхдээ одоо олж авч буй гэмшил нь алдсан бүхнээс нь хавь илүү болохыг тэрээр тодорхой харж эхлэв. Тэгээд Христийн оршихуй дахь цэвэр ариун байдлын гоо үзэсгэлэнг ч гайхамшигт нигүүлслийн хүчээр ухааран байлаа..

Би аахар шаахар зүйлсийн занганд гацсан байжээ... Тэд хормойноос минь татаад "Чи биднийг орхих юм гэж үү? Тийм бол одооноос бид чамтай дахин хэзээ ч, хэзээ ч хамт байхгүй шүү" гэнэ... Би чичрэн байхдаа аядуухнаар нөмрөн авах Түүний оршихуйн үзэсгэлэнт ариун байдал, төгс амар тайвныг мэдрэв. Энэ нь намайг саадыг даваад, эргэлзэх зүйлгүй өөр луу нь ирэхийг эелдэг зөөлнөөр урьж байсан юм. Тэрээр намайг хүлээн авч, халуун дулаанаар тэврэхээр хайр энэрлийнхээ мутрыг сунгасан нь энэ байлаа. (Өчил, 175–76)

"Аваад, унш"

Ийнхүү цэвэр ариун байдлын гоо үзэсгэлэн, хайр энэрлийнх нь хүрэлт болон түүний махбодыг занганд оруулж байсан аахар шаахар зүйлсийн хоорондох ширүүн тэмцэл шувтарч эхлэв.

Би инжир модны дор сөхрөн суугаад, сая нэг асгартал уйллаа... Сэтгэл минь гашуунаар шаналан уйлахдаа "маргааш, маргааш гэсээр хэр удаан би энэ чигээр явах юм бэ? Яагаад одоо байж болохгүй гэж? Бузар булай нүглээ яг одоо энд дуусгавар болгож болохгүй гэж үү?" (Өчил, 177)

Ийнхүү түүнийг мэгшин уйлах зуур түүнд "аваад, унш, аваад, унш" хэмээн хүүхдийн дуулах нь сонстов.

Би толгойгоо өргөөд, ийм үг хэлдэг хүүхдийн тоглоом байдаг эсэх талаар хэсэг бодсон ч огт санаанд орж ирэхгүй байлаа. Би нулимсаа арчин, босож, энэ нь Библиэ аваад нээх үед нүдэнд минь тусах тэр үгсийг унш гэж буй тэнгэрлэг тушаал байж болох юм хэмээн өөрөө өөртөө хэлэв. (Өчил, 177)

Тэгээд тэрээр Паулын захидлуудыг нээж, хуудсыг нь эргүүлсээр Ром 13:12-14 дээр харцаа тогтоон уншжээ. Энд "Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая. Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалыг нь хангах юугаар ч махбодыг бүү тэтгэ."

Тэрээр "Би үргэлжлүүлэн уншсангүй. Унших шаардлага ч байсангүй" хэмээн бичжээ. "Учир нь намайг уг хэсгийн төгсгөлийг унших тэр мөчид зүрхэнд минь итгэл найдварын гэрэл гийж, эргэлзээ тээнэгэлзээний харанхуй сүүдэр замхран арилсан юм" (Өчил, 178).

Хиппогийн хамба лам

Амброс түүнд 387 оны амилсан баярын үеэр Миланд байхад нь баптисм хүртээв. Тэр жилийнх нь намар түүний эх нас барав. Үргэлжид санааг нь зовоож, уйлуулж байдаг хүү нь Христ дотор авралыг олсон тул туйлын жаргалтайгаар энэ хорвоог орхин одсон нь тэр байжээ. Тэрээр 388 онд (гучин дөрвөн орчим настайдаа) өөртөө болон "Бурханы зарц нар" хэмээн үздэг найз нөхдөдөө зориулж сүм байгуулах хараа өвөртлөн Африк руу буцаж ирэв. Тэрээр гэрлэх хүсэл мөрөөдлөө орхиж, ганц бие, эгэл бор амьдралаар бусад хүмүүсийн л адил амьдрахаар шийджээ. Итгэл үнэмшлийнхээ үүднээс философийг судалж, эргэцүүлэн амьдарна хэмээн бодож байлаа.

Гэвч Бурханд өөр төлөвлөгөө байв. Августины хүү Адеодат нь 389 онд нас баржээ. Төрөлх нутаг болох Тагастедаа эргэн очиж, амар тайван амьдрах мөрөөдөл нь хормын зуур хийсэн одов. Тэгээд тэрээр Хиппо хот руу нүүсэн нь дээр хэмээн үзжээ. Хиппогийн чуулган нь бишоп буюу хамба ламтай байсан тул тэрээр зорин очсон юм. Энэ нь түүнийг бишоп болгох гэсэн шахалт, хүсэлт бага байна гэсэн үг байв. Гэвч тэрээр буруу тооцоолжээ. Чуулган түүнийг санваартан, дараа нь Хиппогийн бишоп болгохыг хүсэв. Тэнд тэрээр амьдралынхаа үлдсэн хугацааг зориулсан юм.

Ийнхүү чуулганы түүхэнд тодоос тод ул мөрөө үлдээсэн олон хүмүүсийн нэгэн адил тэрээр (гучин зургаан настайдаа) эргэцүүлэн бодох амьдралаас бодит хэрэгжүүлэлтийн амьдрал руу түрэгдэн орсон байдаг. Августин бээр сүм чуулган байгуулж, бараг дөчин жилийн турш тив даяар Библийн мэдлэгээр бүрэн бэлтгэгдсэн санваартан болон бишопуудыг бэлтгэж, чуулгануудад шинэчлэл авчирчээ. Энэ хугацаандаа тэрээр ортодокс сургаалыг (үнэн зөв сургаал) хүчтэй хамгаалж, Өчил, Христитгэлийн онол сургаал, Гурвалын онол, Бурханы хот зэрэг Христитгэлийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн номуудыг бичсэн юм.

Хун дуугардаг юм

Августин нас барахаасаа дөрвөн жилийн өмнө буюу 426 онд чуулганы удирдлагыг хүлээлгэн өгчээ. Тэр үед түүний залгамжлагч өөрийгөө хангалтгүй гэдэгт бүрэн итгэчихсэн байв. Тэгтэл тэрээр "хун дуугардаггүй юм" хэмээгээд, үлэмж агуу, айдас төрүүлэм сүнслэг зүйлсийн дуу чимээ аажимдаа сарнин одно гэжээ.

Харин хун дуугардаг юм. 426 онд ч, 2018 онд ч, зуун зууны туршид чимээгүй болоогүй юм. Августины дуу хоолой өлсөж цангасан нүгэлтнүүдийг Есүс Христийн чөлөөлөгч, бүрэн дүүрэн баяр баясгалан өөд 1600 жилийн туршид уриалан дуудсаар иржээ.

Нэгэн цагт алдахаас айж байсан үр жимсгүй таашаалаасаа ангижрах нь надад ямар сайхан байсан гэж санана! . . . Бурхан Та л энэ бүгдийг надаас зайлуулсан. Та бол үнэн хийгээд үлэмж их баяр хөөр минь билээ. Та энэ бүгдийг надаас зайлуулаад оронд нь Өөрөө заларчээ. Амталж болох бүхий л таашаалаас хавь илүү амттай юм Та сүнсэнд минь. Бүх гэрлээс ч хавь илүү гэрэлтэн, гялалздаг атлаа зүрхэнд минь ямар ч нууцаас илүү гүн гүнзгий нуугдсан байдаг юм Та. Бүх алдар хүндлэлээс ч хавь илүү алдартай хэр нь өөртөө л алдрыг хүсэмжлэх хүмүүсийн нүдэнд ийнхүү харагдах нь үгүй юм Та. Аяа, миний Эзэн Бурхан, миний Гэрэл, миний Баялаг, миний Аврал билээ Та. (Өчил, 181)

Амьдралаа бүү үр ном

Амьдралаа бүү үр

Don’t Waste Your Life

Жон Пайперын "Амьдралаа бүү үр" номыг Монгол хэлээр унших боломжтой боллоо. Пастор Жон Пайперын "Амьдралаа бүү үр" (Do not waste you life) ном нь Христ итгэлийн уран зохиолд томоохон байр эзэлдэг бөгөөд өндөр борлуулалттай бүтээл юм. Одоогоор энэ ном дэлхий даяар 1 сая гаруй хувь борлогдсон. 2007 онд Евангелийн Хэвлэлийн Холбооноос "Алтан Номын Шагнал" хүртэж байжээ.

Зохиолч

Жон Пайпер

Худалдаж авахЭхний 10 хуудсыг үнэгүй уншаарай. Энд дарж