Бурхантай хэрхэн ойр дотно болох вэ?
Нийтлэл- Жон Блүүм Бурханыг хүсэмжлэхүй үйлчлэлийн (desiringGod.org) зохиолч
Та Бурхантай ойр дотно болох боломжтой. Энэ нь яг л Түүний амлалттай адил биелдэг зүйл. Бурхан тантай ойр дотно харилцаатай байхаар урьсан нь юу юунаас илүү итгэлийг тань шалгадаг (Иаков 1:2–4).
Ойр дотно байдлын амин сүнс
Ойр дотно байна гэдэг нь хэн нэгэн таныг мэддэг, та мөн тэр хүнийг мэддэг байхыг хэлдэг. Тэгээд энэхүү харилцааг тайлбарлахдаа хол эсвэл ойр гэсэн орон зайн хэллэгийг үргэлж л хамт ашиглаж байгааг анзаарч болно. Бие биетэйгээ үнэхээр ойр байдаг, бие биеийнхээ зүрхний гүнд юу байгааг ч ойлгодог хүнийг дотно найз гэдэг. Хэрэв энэ ойр дотно байдал алдагдвал бие биеэсээ хол хөндий болсон мэт санагддаг. Ойр дотно биш хүмүүс биднийг өнгөцхөн л мэддэг.
Гэвч ойр дотно байдал гэдэг нь орон зайн хувьд хэр хол ойр байгаа тухай биш, харин харилцааны тухай байдаг. Дэргэд минь суух танихгүй нэгэн хол хөндий санагддаг бол хэдэн мянган бээрийн цаана буй дотнын найз маань сэтгэлд тун ойр санагддаг шүү дээ.
"Библийн мэдлэг нь Бурханд итгэх итгэлийг маань бадраах үед л алтнаас үнэтэй байдаг. Эс бөгөөс энэ нь бидний бардам занг л бадрааж орхидог."
Чухам юу биднийг хэн нэгэнтэй ойр дотно болгодог вэ? Ойр дотно болгох олон жор байж болох бөгөөд харилцаа бүр өөр өөрсдийн орц найрлагатай байдаг. Гэвч бүгдэд нь байдаг нийтлэг жор бол итгэлцэл юм. Бид итгэдэггүй хүнтэйгээ ойр дотно болно гэдэг үлгэр л гэсэн үг.
Итгэлцэл бол ойр дотно байдлын амин сүнс нь мөн. Бид хэдий чинээ итгэнэ, төдий чинээ ойртон дотносдог. Харилцаанд итгэлцлийн түвшин хэр зэрэг буурна, ойр дотно байдлын түвшин тийм л байна гэсэн үг.
Бурхантай ойр дотно байдлын амин сүнс
Бусадтай харилцах харилцааны талаарх дээрх үнэн нь Бурхантай харилцах харилцаанд маань ч мөн адил байдаг. Бурхантай ойр эсвэл хол хөндий харилцаатай байсан талаарх бидний туршлага нь Тэр бидэнтэй хэр ойр байсныг тодорхойлдоггүй. Харин энэ нь зөвхөн бид Түүнтэй хэр ойр дотно байсныг л илэрхийлдэг. Бурхан Өөрт нь итгэгсдэд ойр байдаг тухай Бичээс өгүүлдэг. Бид Бурханд итгэж найдах тусам Түүнийг улам илүү таньж мэдэн, ойр дотно болдог. Бурхан хол мэт санагдах нь ихэвчлэн гэм нүгэл, урам хугаралт зэрэг итгэлгүй байдалтай холбоотой байдаг.
Энэхүү бодит үнэнийг ойлгох нь тун чухал. Христитгэгчид бид Бурхантай ямагт ойр дотно байхыг хүсдэг. Дуулаачийн хэлсэнчлэн бид "Бурханд ойр байх нь надад сайн" гэдэг (Дуулал 73:28). Бид "Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно" хэмээсэн Иаковын уриалгыг дагаж, амлалтыг нь хүлээн авахыг хүсдэг (Иаков 4:8). Гэвч бид ойртуулдаггүй арга замаар Түүнийг эрэн хайх гэж хичээдэг.
Ойр дотно байдал нь мэдлэгээс илүү
Мэдлэгээ арвижуулснаар Бурхантай ойр дотно болно хэмээн бодох нь бидний гаргадаг нийтлэг алдаа юм. Мэдээж Бурханыг ойр дотно таньж мэдэхийн тулд Түүний талаарх чухал зүйлсийг мэдэх нь зүйн хэрэг. Есүс хэлэхдээ "та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө" (Иохан 8:32) гээд, олон хүн мэдэхгүй зүйлдээ мөргөдөг гэдгийг онцолсон байдаг (Иохан 4:22)
Гэвч Христитгэлийн чуулганы түүхэнд хэзээ ч өнөөгийнх шиг ийм их теологийн мэдлэг ийм олон хүнд боломжтой болж, хүрч байгаагүй юм. Энэ их боломжийг Америкийн чуулганууд хамгийн их эдэлдэг гэхэд хилсдэхгүй. Бид Библийн орчуулга, чанартай ном зохиол, гүн гүнзгий нийтлэл, видео номлол, ярилцлага, уран сайхны кино, баримтат кино, дуу хөгжим гэх мэтэд живсэн гэж хэлж болно. Эдгээрийн олонх нь чанартай сайн байдаг. Бид үүнд талархах хэрэгтэй.
Гэвч Америк Енохтой адил Бурхантай хамт алхдаг, гүн гүнзгий ойр дотно харилцаатай ариун хүмүүсээр дүүрээд, Бурхан тэднийг аваад явчихсан тохиолдлыг бид хараахан хараагүй л байна (Эхлэл 5:24; Еврей 11:5). Яагаад тэр вэ? Учир нь мэдлэг нь итгэлтэй адилгүй. Тиймээс л Бичвэрийн талаарх мэдлэгээрээ толь бичиг гэж хэлж болохоор байсан тухайн үеийн шашны удирдагчдад хандан Есүс
"Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул тэднийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын төлөө Над руу ирэхийг хүсдэггүй." (Иохан 5:39–40)
Библийн мэдлэг нь Бурханд итгэх итгэлийг маань бадраах үед л алтнаас үнэтэй байдаг. Учир нь энэ нь Түүнтэй харилцах ойр дотно харилцааг маань асаадаг (Дуулал 19:10). Харин Библийн мэдлэг нь Бурханд итгэх итгэлийг маань орлох үед энэ нь биднийг зөвхөн ихэрхэг, бардам болгодог (1 Коринт 8:1).
Гоё сайхан орчин яагаад Бурхантай ойр дотно болгодоггүй вэ?
Өөр нэг нийтлэг алдаа бол бид гарт баригдаж, нүдэнд үзэгдэх гоё сайхан орчныг бүрдүүлэх замаар Бурхантай ойр болох гэж хичээдэг явдал юм. Энэ бол "мөрөөдлийн газар" гэгддэг арга юм. Энэ нь зөв орчныг бүрдүүлэх юм бол Бурхан "ирнэ" гэдэг арга юм.
Зарим нь ер бусын, нууцлаг зүйлийг мэдрэхийн тулд өндөр зэрэглэлийн ёслолын орчныг бүрдүүлэх замаар үүнийг хийх гэж оролддог. Мөн зарим нь сүнслэг онцгой туршлагыг амсаж мэдрэхийн тулд орчин үеийн магтаал, мөргөлийн арга хэмжээг зохион байгуулах аргыг ашигладаг. Харин зарим нь сэргэлтийг хүсэмжлэхдээ Бурханы хүчинд ойртвол Бурхантай ойр дотно болно гэж боддог. Хэрэв бид Бурханд үнэнээр итгэж байгаа тохиолдолд энэ мэт орчин нь Түүнтэй харилцах харилцаанд маань тус болдог. Гэсэн ч эдгээрийн алинд нь ч биднийг Бурхантай ойр болгох хүч чадал байхгүй.
"Бурхан гоё сайхан орчныг бус бидний итгэлийг хардаг"
Лааны гэрэлд романтик хөгжим сонсон, оройн зоог барих нь хос хоёрын ойр дотно харилцааг дурсамжтай мөчөөр чимж өгч болох юм. Гэвч гоё сайхан орчин бүрдүүлэх нь тэдний бие биеэ гэх итгэл, хайрыг бататган, гүнзгийрүүлэхэд л тустай төдий. Хэрэв тэдний харилцаа итгэлцэл үгүйгээс болж хол хөндий байгаа бол сайхан орчин бүрдүүллээ гээд тэдний харилцаа ойр дотно болчихгүй. Сайхан орчинд тийм хүч байхгүй гэсэн үг. Харин гагцхүү итгэлцлийг сэргээснээр л энэ нь боломжтой болох юм.
Бид Бурханд хэрхэн ойртох вэ?
Бид Бурханд ойртож, Тэр бидэнд ойртох нууц нь Библид тодорхой илчлэгдсэн байдаг: Бид Христэд итгэх итгэлээр дамжуулан Бурханд ойртдог (Еврей 4:14–16; 7:25; Филиппой 3:9). Мөн бид Түүний дотор бидэнд "За" гэж хэлдэг Бурханы "үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудад нь" итгэлээ тавьдаг (2 Петр 1:4; 2 Коринт 1:20).
"Бурхан гоё сайхан орчныг бус бидний итгэлийг хардаг" Итгэл байхгүй бол бидний мэдлэгийн хэмжээ, орчны сайхныг Бурхан таалдаггүй.
Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэрээр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой (Еврей 11:6)
Амлалтуудад нь бүрэн зүрхээр итгэж, түүгээр нь амьдардаг хүнийг Бурхан хараад, хүчтэй дэмжлэг үзүүлэхээр ирж, Өөрийгөө илчилдэг юм (2 Шастир 16:9).
"Миний тушаалуудыг хүлээн авч, сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ" (Иохан 14:21).
Ойр дотно байх Бурханы урилга
"Яг одоо таны хамгийн ихээр итгэх ёстой зүйл бол Өөртөө ойртуулна гэдэгт Бурханд итгэх явдал юм."
Бурхан тантай ойр дотно байхыг хүсдэг. Үүнийг боломжтой болгохын тулд бүхий л хүнд хүчир ажлыг нь Христ загалмай дээр гүйцэлдүүлчихсэн. Тэгээд биднээс хүсдэг нэг л зүйл байдаг нь Түүнд итгэх явдал мөн (Иохан 14:1). Тэрээр биднээс бүх зүрхээрээ Өөрт нь итгээсэй хэмээн хүсдэг (Сургаалт үгс 3:5).
Тиймээс Бурхантай ойр дотно болох урилга нь таны итгэлийг юу юунаас илүү шалгахаар Түүний танд өгч буй зүйл гэсэн үг юм. Яг одоо таны хамгийн ихээр итгэх ёстой зүйл бол Өөртөө ойртуулна гэдэгт Бурханд итгэх явдал юм.
Энэ бол махбод тань хүлээн авахаас татгалзах тэр л урилга байж мэднэ. Гэвч та Библиэ нээгээд хараарай. Итгэлийн үлэмж хатуу сорилт нь агуу баяр хөөрийн зам мөн хэмээн Иаков, Петр нарын хэлсэнтэй үүл мэт үлэмж их гэрч нар санал нийлдэггүй гэж үү (Еврей 12:1; Иаков 1:2–4; 1 Петр 1:8–9)? Тэд Христийг мэдэхийн баяр хөөр хийгээд Түүний ирэх алдартай нь юуг ч харьцуулшгүй хэмээн Паулын хэлснийг хүлээн зөвшөөрдөггүй гэж үү (Филиппой 3:8; Ром 8:18)?
Бурханд хамгийн их найдах ёстой үед бид Түүнтэй хамгийн ойр дотно байдаг. Газар дээрх тэнгэрийн улс гэдэг нь үгээр илэрхийлшгүй баяр хөөр, амар тайвныг хэлнэ. Учир нь энэ нь Бурханд бүрэн итгэхээс ирдэг ойлголтыг даван гардаг юм (Philippians 4:6–7). Эртний нэгэн магтаалын зохиолч хэлэхдээ "Бурханд бүрэн итгэдэг хүмүүс Түүнийг үнэхээр үнэн гэдэгт бүрэн итгэдэг юм" гэжээ.
Жон Блүүм бээр Бурханыг хүсэмжлэхүй үйлчлэлийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд одоогоор багшаар үйлчилдэг (@Bloom_Jon). Тэрээр "Үзэгдэх зүйлээр бус" (Not by Sight), Түүний үгэнд үнэнч" (True to His Word) зэрэг дөрвөн ном бичсэн билээ. Тэрээр таван хүүхдийн эцэг бөгөөд Твин Ситис-д амьдардаг.

Бишрэн дээдлэм Бурхан
Ертөнцийг орвонгоор нь эргүүлэх 10 үнэн
Astoshed by God
Пастор Жон Пайперын "Бишрэн дээдлэм Бурхан - Ертөнцийг орвонгоор нь эргүүлэх арван үнэн" ном Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Энэ ном бол Бурхан, Ариун Сүнс, Есүс Христ, Чуулган, илгээлт, гэр бүл, эхнэр нөхрийн харилцаа гээд Христ итгэлийн бүхий л үнэнийг 10 бүлэгт хуваан товч бөгөөд тодорхой заасан номлол юм. "Бишрэн дээдлэм Бурхан" хэмээх энэ номоос та Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байж, жинхэнэ аз жаргалыг мэдрэн, Бурханаа алдаршуулан амьдрахын үнэ цэнийг ойлгох болно!
Жон Пайпер