Бурхан таныг ч бас алдаршуулахаар төлөвлөсөн

Бурхан биднийг гайхшируулахыг хүсдэг тул ирээдүйн талаарх гайхалтай амлалтуудаа бидэнд өгсөн.

Тэрээр биднийг найдвараар бялхаж байгаасай гэсэндээ бидэнд итгэл найдвараар дүүрэн үгсийг хэлсэн. Ирээдүйн зүйлcд сэтгэл зүрхнээсээ баярлан хөөрөхгүй л бол тэр нь үнэндээ найдвар биш юм. Тиймээс л Бурхан бидэнд баяр хөөрийг авчрах зүйлсийг хэлдэг. Тэр биднийг энэ цаг үед үл ганхах итгэлтэйгээр, найдварын баяр хөөрөөр дүүрэн амьдраасай гэж хүсдэг. “Найдвар дотор баярла!” (Ром 12:12).

Ирээдүйн маань талаар бичсэн Бурханы үгийг зүгээр л уншаад өнгөрөх үед миний зүрх сэтгэлд ямар ч нөлөө үзүүлдэггүй. Ингэж унших нь намайг сэргээх ч үгүй, найдварыг ч төрүүлэхгүй. Энэ нь биднийг ган гачгийн үед ногоон мод мэт мохошгүй баяр хөөрөөр дүүрэн нэгэн болгож чадахгүй нь лавтай.

Тийм учраас л “Эзэний хуулийг өдөр шөнөгүй бясалгадаг” Христитгэгч хүнийг навчис нь үл хатах, үр жимсээр дүүрэн ногоон модтой зүйрлэдэг (Дуулал 1:2). Тэрээр итгэл найдвараар дүүрэх хүртлээ Бурханы найдвар өгөх амлалтуудаас зууран, тунгаан бодсоор байдаг.

Бурханы амласан сайн сайхныг амсаж мэдэр

Бичвэрт өгүүлэх амлалтуудыг амтат тоор жимстэй зүйрлэж болох юм. Бид гүйцэт болсон амтат тоорыг хараад "хараач, амтат жимс байна" гэж хэлээд л яваад өгчихдөггүй биз дээ. Харин бид зогсоод, гараа сунган жимсийг авч, тамшаан иддэг шүү дээ. Хэрвээ бидний амтлах мэдрэмж үгүй болсон бол бид Бурханаас сэргээж өгөхийг гуйдаг. “Аяа ЭЗЭН, Үгийнхээ дагуу намайг сэргээгээч” (Дуулал 119:107).

Найдвараар дүүрэн цэцэрлэгт хүрээлэнд хамт алхацгаая. Хэдхэн өдрийн өмнө түүсэн шинэхэн тоорыг жимсийг маань надтай хамт амтлаасай хэмээн танаас хүсэх байна. Би Библи уншиж байгаад 1 Коринт 2:7 дээрх "Бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурхан урьдаас тогтоож, нууц дотор нуусан Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг" хэмээсэн Паулын үгийг олж харсан юм.

Би хэсэг зогсоод, найдвар өгөх амтат тоорыг тастан аваад, идлээ. Энэ нь хэдэн өдрийн турш сэтгэлийг минь сэргээж өгөв. Би энэ эшлэлийг мэддэг байсан ч энэ удаад надад найдварын амтыг мэдрүүлсэн юм. Яг л түүхэд бэлэн болсон байсан тул авч идэхэд ямар амттай сайхан байсан гэж санана. Энэ нь сүнсийг минь тэтгэж, нойрыг минь бат бөх болгож, ирэх зүйлсэд намайг хүчирхэгжүүлсэн юм. Ирээд, амлалтын амтат тоор жимсийг хамтдаа амталцгаая.

ҮЕҮДЭЭС Ч ӨМНӨ

“Үеүдээс ч өмнө” - цаг хугацаа хийгээд бүтээлээс ч урьд гагцхүү Бурхан л оршин тогтнож, Өөрийн мэргэн ухаанаа гүйцэлдүүлж байв. Түүний мэргэн ухаанд хязгаар үгүй. Тэрээр хязгааргүй, мөнх мэргэн ухаандаа "бидний хүртэх алдрыг" бүрэн дүүрэн болгохоор төлөвлөжээ. "Бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурхан мэргэн ухааныг урьдаас тогтоов."

ӨӨРИЙГ НЬ ХАЙРЛАДАГ ХҮМҮҮСТ

Бурхан хэнд энэхүү алдрыг өгөхөөр төлөвлөсөн бэ? Тэрээр “Өөрийг нь хайрладаг хүмүүст” өгөхөөр төлөвлөжээ. 9-р эшлэлд “Нүд үзээгүй, чих сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэсэн байна. Бурхан бүтээлээс ч өмнө Өөрийг нь хайрладаг бидэнд алдрыг өгөхөөр тогтоожээ.

БУРХАНЫ ГҮН ЮМС

Энэ нь Бурханы мэргэн ухаанаас ангид зүйл байгаагүй юм. Паул үүнийг "Бурханы гүн юмс"-с ирсэн гэжээ. 10-р эшлэлд "Бурхан үүнийг бидэнд Сүнсээр илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нягталдаг ажээ" гэсэн байдаг. Тэгэхээр амтат тоор жимс болох найдварын амлалт нь үеүдээс ч өмнө, Бурханы мэргэн ухаан, тогтоол зарлиг, гүн юмсаас нь ирдэг ажээ.

БИДНИЙ АЛДРЫН ТӨЛӨӨ ТОГТООГДСОН

Энд юуг хэлж байна вэ? Маргааш өглөө сэрэхгүй байж магадгүй гэж бодох үед бидэнд чухам юу найдвар өгөх вэ?

Бидэнд хэдийнээ тогтоогдсон алдар буй тул итгэл найдвараар дүүрэн байх ёстой хэмээн Паул хэлжээ. Тэгвэл энэ нь хэрхэн бидний алдар байх вэ? Бурханаас салангид энэ алдар нь биднийх биш. Христээс салангид бол бидэнд алдар гэх зүйл үгүй. Бурханых бус, Христийнх ч бус аливаа алдар нь бидэнд найдвар өгдөггүй. Харин бид “Бурханы алдрын найдварт баярладаг” (Ром 5:2). Энэ нь мөн Христийн алдрын найдварт гэсэн үг! "Үүний тулд Тэрээр бидний тунхагласан сайнмэдээгээр дамжуулж та нарыг дуудсан. Ингэснээр та нар бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртэх юм" (2 Тесалоник 2:14).

ЕРТӨНЦ ТА НАРЫНХ

Үүнийг хэрхэн "олж авах" вэ? Бид ертөнц, хаанчлал, орон байрыг олж авна. "Өөрийн хаанчлалд болон алдарт дууддаг Бурхан" (1 Тесалоник 2:12) "Бүх юм та нарынх... ертөнц ч, амь ч, үхэл ч, одоо ч, ирээдүй ч бүгд та нарынх аж" (1 Коринт 3:21-23). Бид олон жил хүйтэн, харанхуй шоронд байсан хоригдол гэрэлтэй, үзэсгэлэнтэй, халуун дулаан шинэ ертөнц рүү алхан орж байгаа мэт “өөрсдийн алдар”-ыг тийнхүү хүлээн авах болно. Хаашаа ч харсан үзэсгэлэн төгөлдөр байдал угтана. Тэрээр үнэрлэж, сонсож, амтална. Тэрхүү гоо үзэсгэлэн түүнийг хучиж, тэр биеийнхээ эд эс нэг бүрээр үүнийг мэдэрнэ. Алдар нь бидний оршин суух газар байх болно. Гайхамшигт шинэ ертөнц нь өөрөө бидний алдар байх болно.

Гэрэл ч, үзэсгэлэн төгөлдөр байдал ч, тэнд байх бүхий л зүйл нь өөрөө Бурханы гэрэл, Бурханы үзэсгэлэнт төгс байдал байх болно. "Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа" (Илчлэл 21:23) Энэ үеийнхнээс аврагдсан хоригдол бүр “Таны гэрэл гэгээнд л бид гэрэл гэгээг хардаг” хэмээн хашхирна. (Дуулал 36:9). Бидний алдар нь бүгдээс дээр оршигч, бүгдийн дотор байгч Бурханы алдар байх юм.

БУРХАНЫ АЛДРЫН БАЯЛАГ

Энэ нь бидний сүнсэнд бүхнээс илүү үнэ цэнтэй, нандин байх болно. Паул үүнийг тайлбарлахдаа "Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад алдрынхаа баялгийг мэдүүлэхийн тулд... дуудсан" гэжээ (Ром 9:23). Баялаг. Дэлхий дээр эд баялагтай болох үедээ бид баярлан догдолж, итгэл найдварын оч асах шиг л болдог. Эд баялаг гэдэг их боломж, эрх чөлөөг амьдралд маань авчирдаг.

Гэвч та дэлхийн бүх баялгийг эзэмшдэг байлаа ч энэ нь мөнх амьдралд бидэнд тогтоогдсон “Бурханы алдрын баялгийн” дэргэд юу биш юм. Бид энэ л баялгийг амсаж мэдрэхээр бэлтгэгдэж, бүтээгдсэн шүү дээ. Дэлхийн эд баялаг л гэхэд бидэнд эрх чөлөөг мэдрүүлж, сэргээж, догдлуулж, найдварыг өгч байгаа юм бол Бурханы баялгийн амлалт нь биднийг хамгаас эрх чөлөөтэй, баяр хөөртэй хүмүүс болгох нь дамжиггүй биш үү. Энэ бол бидний алдар!

БИД ТҮҮНТЭЙ АДИЛ БОЛНО

Гэвч "бидний алдар" зөвхөн бидний харж, мэдрэхээр хязгаарлагдахгүй. Харин бидний дүр төрх ч энэхүү алдраар өөрчлөгдөх учиртай. "Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгээ мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно" (1 Иохан 3:2). Бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурхан мэргэн ухааныг урьдаас тогтоов. Бид харж буй Нэгэнтэйгээ хамт гэрэлтэх тул Түүний алдар бидний алдар байх болно.

Элч Иохан бээр амилсан Есүсийг хараад "нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв" хэмээн хэлээд, хөлд нь, үхсэн мэт унасан байдаг (Илчлэл 1:16-17). Бид энэ л алдраар гэрэлтэх юм. "Зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно" (Матай 13:43).

Христийн алдар нь бидний алдар байх юм. Учир нь бид шинэ ертөнцөд (шинэ тэнгэр, газарт) байх тул бидний төрх байдал ч мөн шинэ байх нь гарцаагүй.

ТҮҮНИЙ АМИЛСАН БИЕТЭЙ АДИЛ

Таны урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй эцэнхий туранхай нэгэн итгэгч, үхлээ хүлээн асрамжийн газар байна гээд төсөөлцгөөе. Үхлээ хүлээх эдгээр өдрүүдэд алдар суу гэх зүйл юу байх билээ. Олон итгэгчид “газар дээрх майхнаа” тайлж, “амиар залгигдахыг” хүсэмжлэн гасалдаг (2 Коринт 5:4). Алдар суу гэх зүйлгүй энэ гаслам төгсгөлийн эсрэг Бурханы хүчирхэг үг зогсож буй. Бичээст хэлэхдээ бидний эцэж туйлдсан, элэгдэж үрчлээтсэн бие маань "үл хүндлэл дотор таригдаж, цог жавхлан дотор амилуулагдана. Энэ нь мөхөс байдал дотор таригдаж, хүч дотор амилуулагдана" гэжээ(1Коринт 15:43). Итгэгч хүн бүр хэр их зовлон үзэж, гандаж гундсанаас үл хамааран алдар дотор амилах болно. Учир нь Бурхан энэхүү алдрыг бидэнд урьдаас тогтоосон юм.

Бидний амилсан биеийн алдар суу нь Христийн алдар суу байх болно. "Тэр... дорд биеийг маань Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө" (Филиппой 3:21). Бүх зовлон шаналан дундаа Христээс зуурсаар байгаа бүгд "Христтэй хамт алдаршуулагдана" (Ром 8:17). Үүнийг Бурхан үеүдээс ч өмнө бидэнд зориулж тогтоосон юм. "Тэр... урьдаас мэдсэн хүмүүсээ Түүний дүртэй адил болгохоор урьдаас тогтоосон юм. Тэрээр урьдаас тогтоосон хүмүүсээ... алдаршуулсан" (Ром 8:29-30). Энэ нь бидний алдрын төлөө тогтоогдсон мэргэн ухаан байлаа.

ЕРТӨНЦИЙН АЛДАР СУУ

Тэгэхээр бидний алдар нь шинэ ертөнцийн хийгээд шинэ мөн чанарын маань алдар суу байх болно. Бид гайхамшгийг улам илүүгээр мэдэрнэ. Паул бид шинэ ертөнцөд зохицох бус, шинэ ертөнц бидний алдар сууд зохицон орших талаар өгүүлсэн байдаг. Бидний хүртэх алдар суу ертөнцийн алдрыг тодорхойлох юм. "Бүтээл өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд очих юм" (Ром 8:18-21). Бид бүтээлийн алдрын эрх чөлөөнд бус бүтээл бидний алдрын эрх чөлөөнд очих болно.

ХҮНД ХЭЦҮҮ БА МӨНХ БАЙДАЛ

Тэсэхэд бэрх зовлон, тоолж баршгүй бүтэлгүйтэл, тасралтгүй үргэлжлэх урам хугаралтай нүүр тулсаар, ачаа тань хэтэрхий хүнд, өвдөлт тань тэсэхүй еэ бэрх тэр үед Бурхан бидэнд хандан "энэ бүхэн тийм хүнд биш ээ, энэ бүх зүйл тийм удаан үргэлжлэхгүй" хэмээн хэлдэг. "Учир нь агшин зуурын ялихгүй зовлон нь алдрын мөнхийн жинг бидэнд үлэмж арвижуулж байна" (2Коринт 4:17).

Хүнд гэж яг юуг хэлж байгааг та мэдмээр байна уу? Бидний алдрын жин үлэмж хүнд юм. Урт удаан гэж чухам ямар байдгийг та мэдмээр байна уу? Мөнхийн алдар нь эцэс үгүй, урт удаан үргэлжлэх болно. Энэ бол бидний алдар!

БУРХАН ХҮН БҮРИЙГ МАГТАНА

Ингээд л болчихгүй. Бидний алдар зөвхөн бүгдийг гийгүүлэгч нар мэт шинэ мөн чанартай байгаад зогсохгүй шинэ ертөнц хэмээн нэрлэгдэж, хувь хүн бүр өөр өөрсдийн алдар суутай байх юм.

Энэхүү шинэ ертөнцийн гялбаа, хүн бүрийн царайнаас гэрэлтэх гэрэлд Есүс огтхон ч саатахгүй. Тэрээр хүн нэг бүрд хүрч, харилцах болно. Тэрээр хүн нэг бүрд хандан “Сайн байна, итгэмжит сайн зарц минь!" гэж хэлнэ (Матай 25:21). Энд зарц нар минь гэсэнгүй. Харин зарц минь гэсэн байна.

Есүс үнэнч зарц нэг бүрдээ "Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь өөр хэн ч мэдэхгүй шинэ нэр өгнө" хэмээн хэлэх аж (Илчлэл 2:17). Үүнээс илүү хувьчилсан дотно харилцаа гэж юу байх билээ. Хүн бүр өөр өөрсдийн алдрыг хүлээн авах нь. "Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно" (1Коринт 4:5, мөн Ром 2:29)

Найдвар дотор баярла

"Бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурхан мэргэн ухааныг урьдаас тогтоов" гэдэг нь амттай, шимтэй, шүүслэг тоор жимс байсныг бид олж харлаа. Энэ үнэнийг би хэдэнтээ амтлан таашаасан юм. Надтай хамт үүнийг амтархан идсэнд талархъя. Урьдаас тогтоосон алдар дотроо баярлан хөөрөх нигүүлслийг Бурхан Аав нь бялхаах болтугай.

Жон Пайпер

БИШРЭН ДЭЭДЛЭМ БУРХАН

Бишрэн дээдлэм Бурхан

Ертөнцийг орвонгоор нь эргүүлэх 10 үнэн
Astoshed by God

Пастор Жон Пайперын "Бишрэн дээдлэм Бурхан - Ертөнцийг орвонгоор нь эргүүлэх арван үнэн" ном Монгол хэлээр хэвлэгдэн гарлаа. Энэ ном бол Бурхан, Ариун Сүнс, Есүс Христ, Чуулган, илгээлт, гэр бүл, эхнэр нөхрийн харилцаа гээд Христ итгэлийн бүхий л үнэнийг 10 бүлэгт хуваан товч бөгөөд тодорхой заасан номлол юм. "Бишрэн дээдлэм Бурхан" хэмээх энэ номоос та Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байж, жинхэнэ аз жаргалыг мэдрэн, Бурханаа алдаршуулан амьдрахын үнэ цэнийг ойлгох болно!

Зохиолч

Жон Пайпер

Худалдаж авахЭхний 10 хуудсыг үнэгүй уншаарай. Энд дарж