Бид юуны төлөө залбирах ёстой вэ?
Нийтлэл- Жон Пайпер Бурханыг хүсэмжлэхүй үйлчлэлийн (desiringGod.org) үүсгэн байгуулагч, багш
Залбирахдаа хүртэл бид дасал болж, тогтсон хэв маягаа үе үе өөрчилж байх ёстой гэдэг өмнө нь та нар сонссон л байх. Надад ч мөн тэгж санагддаг. Бид залбирахдаа нэг л үг хэллэгээ дахин дахин давтсаар байдаг. Улиг болж хуучирсан өнөөх л үгсээ давтсанаар залбирал маань бүтэлгүйтэхэд хүрдэг (үүргээ биелүүлэлгүй бүтэлгүйтэх, дампуурах гэдэг эдийн засгийн хэллэгтэй адил). Бид ямар ч ухамсаргүйгээр үгсийг урсгаж гардаг гэсэн үг.
Диавол залбирлыг үзэн яддаг. Бидний махбод ч залбиралд хойрго байдаг. Тиймээс л бид зүрхнийхээ гүнээс, бүрэн дүүрэн, хүсэл тэмүүлэлтэйгээр залбирч чаддаггүй юм. Энэ нь үргэлжийн шинэчлэгдсээр байх сахилга батыг шаарддаг.
Хэдэн жилийн өмнө би Үндэстнүүд баярлагтун (Let the Nations Be Glad) гэдэг номдоо залбирал бол дайны үеийн зөөврийн станц болохоос гэрийн дотоод сүлжээ биш тухай өгүүлсэн юм. Бурхан бол танд зөөлөн тухтай дэр авчрахад бэлэн зогсох гэрийн тань даамал бус тушаал буулгадаг цэргийн генерал мөн. Мэдээж Тэр бол биднийг хайрлагч Эцэг, Найз, Хоньчин, Туслагч, Хаан, Аврагч, Эзэн, Зөвлөгч мөнөөс мөн. Гэвч "чөтгөрүүдээр дүүрэн энэ дэлхийд" бид залбирлыг итгэлийн тэмцэл, тулаан дунд тушаал буулгахтай адил хэмээн үзвэл зохино. Учир нь энэ үед л залбирал жинхэнэ утгаараа үүргээ гүйцэтгэж байдаг.
Би уг номоо бичих үедээ анхны чуулган чухам юуны төлөө залбирдаг байсан, тэдгээр зүйлсийг бүгдийг нь нэгтгэж харсан юм. Тэгээд үүнийгээ өөртөө зориулан хэвлээд, залбирч эхэллээ. Гэтэл энэ нь залбирлын өнөөх тогтсон хэв маягаасаа "мултарч" гарах арга зам мөн гэдэг нь батлагдсан юм. Энэ нь танд ч мөн тус болно гэдэгт итгэлтэй байна. Та үүнийг мөн хэвлээд Библийнхээ завсар байлгаж, залбирлынхаа чиглүүлэг болгохыг хүсэх байх.
Буруу зөрүү залбирах вий хэмээн айж эмээх зүйлгүй байх нь маш том урам зоригийг танд өгөх болно. Шинэ гэрээнд өгүүлэх залбирлуудаар залбирах нь аюулгүй бөгөөд хүчирхэг байдаг.
"Залбирахдаа хүртэл бид дасал болж, тогтсон хэв маягаа үе үе өөрчилж байх ёстой"
Залбирал нь ертөнц дээрх агуу, алдар суугаар дүүрэн нууцуудын нэг хэвээр л байна. Бүхнийг мэдэгч, бүхнээс мэргэн, бүрэн эрхт Бурхан бидний залбирлын хариуд хорвоо дэлхийг оршин тогтноож байдаг нь санаанд багтамгүй үнэн мөн. Үүнийг Бичвэр ч гэрчилнэ. Бурхан хүмүүсийнхээ залбирал гуйлтыг сонсож, хариулдаг. Аливаа үндэстэн, хөдөлгөөн, институт, сүм чуулган хийгээд хүмүүсийн зүрхэнд, тэр тусмаа таны зүрхэнд хүрдэг залбирлын үр нөлөөг бүү үл тоомсорлоорой.
Хэрэв та анхны чуулган юуны төлөө залбирдаг байсанчлан залбирахыг хүсэж байвал...
Бурхан энэ дэлхийд алдар нэрээ өргөмжлөхийн төлөө залбир.
"Тиймд ийнхүү залбир. 'Тэнгэр дэх, бидний Эцэг ээ, Таны алдар ариунаар дуурстугай.'" (Матай 6:9)
Бурхан энэ дэлхийд хаанчлалаа тэлэхийн төлөө залбир.
"Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй." (Матай 6:10)
Сайнмэдээ түгэн дэлгэрч, хүндлэгдэхийн төлөө залбир.
Эцэст нь ах дүү нар аа, Эзэний үг та нарын дунд ямар байсанчлан, тийнхүү түргэн тарж, хүндлэгдэх болтугай хэмээн бидний төлөө залбир. (2 Тесалоник 3:1)
Ариун Сүнсээр дүүрэн байхын төлөө залбир.
"Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу? (Лук 11:13; харьц. Ефес 3:19)
Бурхан хүмүүсийнхээ үйл хэргийг өмгөөлөн, зөвтгөөсэй хэмээн залбир.
"Тэгвэл өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? (Лук 18:7)
Бурхан үл итгэгчдэд авралаа соёрхохын төлөө залбир.
Ах дүү нар аа, зүрх сэтгэлийн минь хүсэл болон тэдний талаар Бурханд хандах миний залбирал бол тэдний аврал билээ. (Ром 10:1)
Үгийн сэлмийг авахад минь удирдан чиглүүлээч хэмээн залбир.
... Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав. Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаа өргө. (Ефес 6:17–18)
Сайнмэдээг тунхаглах эр зоригийн төлөө залбир.
Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаа өргө... Мөн сайнмэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангайхад үг өгөгдөхийн төлөө залбир.
(Ефес 6:18–19) "Одоо Эзэн минь, тэдний заналхийллийг хараач. Таны үгийг ярих зоригийг боолууддаа соёрхооч." (Үйлс 4:29)
Тэмдэг ба гайхамшгууд өгөгдөхийн төлөө залбир.
"Одоо Эзэн минь, ... Таны үгийг ярих зоригийг боолууддаа соёрхооч. Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та мутраа сунгаач гэв. (Үйлс 4:29-30)
Елиа бидэнтэй адил жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг шургуу залбирахад гурван жил зургаан сар газарт бороо ороогүй билээ. Түүнийг дахин залбирахад тэнгэрээс хур бороо асгаж, газар үр жимсээ ургуулсан юм. (Иаков 5:17–18)
Өвчтэй хүмүүсийн эдгэрлийн төлөө залбир.
Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн түүнийг босгоно. (Иаков 5:14–15)
Үл итгэгчдийн эдгэрлийн төлөө залбир.
Пуплийн эцэг цусан суулгаар өвдөж, халуураад хэвтэж байлаа. Паул түүн дээр ирж, залбираад дээр нь гар тавьж түүнийг эдгээв. (Үйлс 28:8)
Чөтгөрүүд зайлахын төлөө залбир.
Тэр "—Энэ төрөл нь зөвхөн залбирлаар л гарч чадна" гэв. (Марк 9:29)
Гайхамшигт чөлөөлөлтийн төлөө залбир.
Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж, түүний төлөө тасралтгүй залбирч байв... Ийнхүү [суллагдсанаа] ухаарсан тэрээр Марк гэгдэх Иоханы эх Мариагийн гэрт ирэв. Тэнд олуулаа цуглаад залбирч байлаа. (Үйлс 12:5, 12)
Шөнө дундын үед Паул, Силас хоёр залбирч, Бурханд магтуу дуулж байгааг хоригдлууд сонсоцгоож байлаа. Тэгтэл гэнэт... хүчтэй газар хөдлөлт болж,... хүн бүрийн гав дөнгө нь мултарч унажээ.(Үйлс 16:25–26)
Үхэгсэд амилахын төлөө залбир.
Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост—Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа. (Үйлс 9:40)
Бурхан хүмүүсээ хэрэгцээтэй бүхнээр нь хангахын төлөө залбир
"Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач." (Матай 6:11)
Тодорхой мэргэн ухааны төлөө залбир
Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. (Иаков 1:5)
Бурхан чуулгануудад удирдагчдыг босгохын төлөө залбир.
Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэсэн Эзэнд тушаав. (Үйлс 14:23)
Бурхан хүч болох хүмүүсийг илгээгээсэй хэмээн залбир.
"Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа." (Матай 9:38) Тэднийг Эзэнд мөргөж, мацаг барьж байх үед Ариун Сүнс "—Миний дуудсан үйлчлэлд Барнаб, Саул нарыг Надад тусгаарлагтун" гэв. Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ. (Үйлс 13:2–3)
Илгээлтийн эзэд амжилттай байхын төлөө залбир.
Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Та нар ч миний төлөө залбиралд Бурханы өмнө хичээнгүйлэн нэгдэж, намайг Иудей дэх дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн, Йерусалим дахь миний үйлчлэл ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэж гуйгаарай. (Ром 15:30–31)
Хүмүүсийн эв нэгдлийн төлөө залбир.
"Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. Энэ нь Аав Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ." (Иохан 17:20–21)
Хамт байж, бие биеэ босгон байгуулахын төлөө залбир.
Бид та нарын царайг харж, итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн гэж өдөр шөнөгүй үлэмж их залбирч байна. (1 Тесалоник 3:10)
Хэрсүү ухааныг гуйн залбир.
Хайр чинь мэдлэг ба бүхий л хэрсүү ухаанаар улам бүр бялхах болтугай гэж би залбирдаг. Ингэснээр та нар алив сайныг ялган таньж, Христийн өдөр хүртэл цэвэр, гэм зэмгүй байх юм (Филиппой 1:9–10)
Бурханы хүслийн мэдлэгээр бялхахын төлөө залбир.
Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирахдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний хүслийн мэдлэгээр бялхаасай ... хэмээн гуйдаг (Колоссай 1:9)
Бурханыг улам илүү таньж мэдэхийн төлөө залбир.
[Бид та нарын төлөө зогсолтгүй залбирахдаа]... Бурханы мэдлэгээр өсөөсэй хэмээн гуйдаг. (Колоссай 1:10; харьц. Ефес 1:17)
Христийн хайрыг ойлгож ухаарахын төлөө залбир.
Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж, ... тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай. (Ефес 3:14, 18–19)
Дуудлагын найдвар маань баттайг илүү гүн гүнзгий мэдэхийн төлөө залбир.
Би залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархдагаа зогсоохгүй ... Ингэснээр та нар Түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг... мэдэх болтугай (Ефес 1:16, 18)
Хүч чадал, тэсвэр тэвчээрийн төлөө залбир.
[Бид та нарын төлөө зогсолтгүй залбирахдаа] Түүний цог жавхлант эрх мэдлийн дагуу та нар бүх хүчээр хүчирхэгжин, баяр хөөртэйгөөр бүхнийг тэсвэрлэн тэвчиж, Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна (Колоссай 1:11; харьц. Ефес 3:16)
Бидний дотор буй Бурханы хүч чадлыг гүн гүнзгий мэдэхийн төлөө залбир
Би залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархдагаа зогсоохгүй... Ингэснээр ... итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг ... мэдэх болтугай. (Ефес 1:16, 18–19)
Итгэл чинь цөхрөхгүйн төлөө залбир.
"Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Харин чи эргэж ирэх цагтаа ах дүүсээ батжуул." (Лук 22:32)
"Харин болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байж, Хүний Хүүгийн өмнө зогсохын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв." (Лук 21:36)
Итгэлтэй байхын төлөө залбир
хүүгийн эцэг "—Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач хэмээн чарлав." (Марк 9:24; харьц. Ефес 3:17)
Уруу татагдахгүйн төлөө залбир.
"Биднийг уруу татлагад бүү автуулаач" (Матай 6:13) "Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махбод дорой юм гэв. (Матай 26:41)
Бурхан сайн хүслийг тань биелүүлэхийн төлөө залбир.
Тиймээс Бурхан маань та нарыг дуудлагадаа зохистой гэж тооцон, сайн хүсэл бүрийг бас итгэлийн үйлийг Өөрийнхөө хүчээр биелүүлэх болтугай хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг. (2 Тесалоник 1:11)
Сайн үйлсэд үр жимстэй байхын төлөө залбир.
[Бид та нарын төлөө зогсолтгүй залбирахдаа] та нар Эзэний өмнө зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гаргаасай ... хэмээн гуйдаг. (Колоссай 1:10)
Нүглийнхээ төлөө уучлал эрэн залбир.
"Бид өртнүүдээ уучилсны адил Бидний өрийг бас уучлаач." (Матай 6:12)
Ёрын нэгнээс хамгаалагдахын төлөө залбир.
"Ёрын муугаас гэтэлгээч." (Матай 6:13)

Амьдралаа бүү үр
Don’t Waste Your Life
Жон Пайперын "Амьдралаа бүү үр" номыг Монгол хэлээр унших боломжтой боллоо. Пастор Жон Пайперын "Амьдралаа бүү үр" (Do not waste you life) ном нь Христ итгэлийн уран зохиолд томоохон байр эзэлдэг бөгөөд өндөр борлуулалттай бүтээл юм. Одоогоор энэ ном дэлхий даяар 1 сая гаруй хувь борлогдсон. 2007 онд Евангелийн Хэвлэлийн Холбооноос "Алтан Номын Шагнал" хүртэж байжээ.
Жон Пайпер