Бүхнийг алдсанд тооцох нь
Христийн төлөө бүх юмсыг хохирол болгон үзэж, өөрт байгаа бүхнээсээ татгалзана гэдэг нь ямар утгатай вэ? Паул өөрийгөө "Би Христ Есүс Эзэнээ танин мэдэхийн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг" (Филиппой 3:8) гэжээ. Мөн хэдэн эшлэлийн дараа "Ах дүү нараа, намайг дуурайгчид бай" (Филиппой 3:17) гэв. Үүнийг бүх итгэгч нарт тушаажээ.
Христитгэлийн суурь
Христитгэгч байхын гол утга учир нь энэ билээ. Дээрх эшлэл нь ахисан түвшний дагалдуулалтын тухай бус, харин бүх Христитгэгчдийн итгэлийн суурийг өгүүлж байна. Есүс "Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй" (Лук 14:33) хэмээн үүнийг баталгаажуулжээ. Бидэнд байгаа бүхнээсээ татгалзана гэдэг нь "бүх зүйлийг хохирол болгон үзэж" буйтай адил юм. Өөрчлөгдөн шинэчлэгдэх амьдралд энэ зүйл болдог. Та үүнийг хийхгүйгээр дагалдагч байх боломжгүй. Есүс ингэж хэлжээ.
"Өөрчлөгдөн шинэчлэгдэх амьдрал бүхнийг хохирол болон тооцохыг шаарддаг. Та үүнийг хийхгүйгээр дагалдагч байх боломжгүй."
Тэр үүнийг сургаалт зүйрлэлээр ийнхүү тайлбарлажээ. "Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна" (Матай 13:44). Христийг танин мэдэхийн төлөө бүх зүйлсийг хохирол болгон тооцохыг баяр хөөртэйгөөр өөрт байгаа бүхнээ зараад тэнгэрийн хаанчлалын эрдэнэсийг олж авах сургаалт зүйрлэлээр илэрхийлжээ.
Тиймээс Христитгэгч болно гэдэг нь сүнслэг үхмэл байдлаас сэрж, бүхнийг хангагч, бүрэн сэтгэл ханамжийг өгөх Есүсийг таньж мэдэх явдал юм. Ингэхдээ (1) бид бүх юмсыг хохирол болгон тооцож, (2) бидэнд буй бүх зүйлээс татгалзаж, мөн зүйрлэлээр хэлбэл (3) Христийн үнэт эрдэнэсийг олж авахын тулд байгаа бүхнээ зарах явдал юм.
Хэрхэн бүх юмсыг хохирол болгон тооцох вэ?
Бидний өдөр тутмын амьдралд энэ нь ямар утгатай вэ? Энэ нь дор хаяж дараах дөрвөн зүйлийг илэрхийлнэ.
1. Байгаа бүхнээсээ татгалзана (бүх юмсыг хохирол болгон тооцох) гэдэг нь хэрэв бид Христ болон ямар нэг зүйлийн аль нэгийг сонгох болбол Христийг сонгоно.
Хэдий Бурхан үргэлж ийм сонголт хийх нөхцөл байдалд биднийг оруулдаггүй ч аль нэгийг нь сонгох болбол зүрх сэтгэлдээ Христийг сонгоно хэмээн шийдсэн байхыг хэлнэ.
2. Байгаа бүхнээсээ татгалзана (бүх юмсыг хохирол болгон тооцох) гэдэг нь бүх зүйлийг Христтэй ойртох арга замаар хийхийг хэлнэ. Ингэснээр бид бүхий л үйлсээрээ Христийг улам илүү таньж мэдэн, Түүний дотор баярлан хөөрөх юм.
Бид тааламжтай бүхнийг Христэд талархан хүлээн авч, харин хэцүү бүхнийг Христийн хүчээр тэвчээртэйгээр давж гарна.
3. Байгаа бүхнээсээ татгалзана (бүх юмсыг хохирол болгон тооцох) гэдэг нь энэ дэлхийн юу ч бидний эрдэнэ биш, харин Христ бидний эрдэнэ гэдгийг нотлон харуулах арга замаар амьдарна.
Бид өмчирхөг бус байж, харин бусдад өгөөмрөөр өгч, Христтэй холбоотой бүхнийг үнэ цэнтэйд тооцно. Бид 1 Коринт 7:30–31-р эшлэлд "[Христитгэгчдийн] худалдан авч буй нь өмчлөөгүй мэт, энэ ертөнцийг ашиглаж буй нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт байг" хэмээсний дагуу амьдрахыг эрмэлзэх болно.
4. Байгаа бүхнээсээ татгалзана (бүх юмсыг хохирол болгон тооцох) гэдэг нь энэ дэлхийн бидэнд өгдөг аливаа нэг зүйлийг эсвэл бүгдийг нь алдсан ч өөрсдийн эрдэнэ, баяр хөөр, амиа алдахгүй байна гэсэн үг юм. Учир нь Христ бидний эрдэнэ, баяр хөөр, амь билээ.
Тогтвортой, Баяр Хөөртэй, Шийдвэртэй
"Христитгэгч болно гэдэг нь бүхнийг хангагч, бүрэн сэтгэл ханамж өгөх Есүсийг таньж мэдэх явдал юм"
Христитгэгч болно гэдэг нь бүхнийг хангагч, бүрэн сэтгэл ханамж өгөх Есүсийг таньж мэдэх явдал гэдэгт би итгэдэг. Ингэхдээ Түүний төлөө (1) бид бүхнийг хохирол болгон тооцож (Филиппой 3:8), (2) бүхий л өмч хөрөнгөөсөө татгалзаж (Лук 14:33), (3) Христийн эрдэнийг олж авахын төлөө байгаа бүхнээ "зарах" явдал юм (Матай 13:44).
Бидний хэн нь ч Христийг тууштайгаар, төгс хайрлаж чадахгүй. Гэхдээ жинхэнэ Христитгэгч болж, Түүний дагалдагч байна гэдэг нь "бүх зүйлийг" дээрх дөрвөн арга замаар хийхийг эрмэлзэн тогтвортой, баяр хөөртэй, шийдвэртэй амьдрахыг хэлдэг.
Ингэснээр бид Паултай хамт "Би Христ Есүс Эзэнээ танин мэдэхийн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг" хэмээн хэлж чадах юм.
Жон Пайпер (@JohnPiper) бол idesiringGod.org байгууллагын үүсгэн байгуулагч, багш бөгөөд Бэтлехем коллеж болон библийн сургуулийн захирал юм. Тэрээр Миннесота мужийн, Миннеаполис хотын Бэтлехем Баптист чуулганы пастораар 33 жил үйлчилсэн. Тэрээр Бурханы хүсэмлэхүй: Христ итгэлийн хедонизмыг бясалгахуй гэх зэрэг , 50 гаруй ном зохиол бичсэн хамгийн сүүлд Их Эзэн Есүс Христ минь ирээч номыг бичжээ.

Амьдралаа бүү үр
Don’t Waste Your Life
Жон Пайперын "Амьдралаа бүү үр" номыг Монгол хэлээр унших боломжтой боллоо. Пастор Жон Пайперын "Амьдралаа бүү үр" (Do not waste you life) ном нь Христ итгэлийн уран зохиолд томоохон байр эзэлдэг бөгөөд өндөр борлуулалттай бүтээл юм. Одоогоор энэ ном дэлхий даяар 1 сая гаруй хувь борлогдсон. 2007 онд Евангелийн Хэвлэлийн Холбооноос "Алтан Номын Шагнал" хүртэж байжээ.
Жон Пайпер