Хорт хавдраа ч дэмий бүү үрээрэй

Түрүү булчирхайн мэс засалд орохын өмнөх үдэш би үүнийг бичиж сууна. Гайхамшгаар ч бай, шинжлэх ухаанаар ч бай анагаадаг Бурханы эдгээх хүч чадалд би итгэдэг. Энэ хоёр эдгэрлийн аль алиных нь төлөө залбирах нь зүйтэй бөгөөд ингэх нь сайн гэдэгт би итгэдэг. Бурхан эдгээвэл хавдар туссан минь дэмий өнгөрөөгүй хэрэг. Тэрээр алдрыг авдаг учраас л хавдар оршин байдаг. Харин эдгэрлийн төлөө залбирахгүй бол хавдар туссан нь үр ашиггүй зүйл болно. Гэхдээ Бурхан хүн бүрд эдгэрлийг товлодоггүй. Та хавдраа дэмий үрж болох түмэн янзын зам бий. Тиймээс би өөрийнхөө болон та бүгдийн төлөө энэ өвчин шаналлыг дэмий үрэхгүй байхын төлөө залбирч байна.

1. Бурхан үүнийг таны төлөө сэдсэн гэдэгт итгэхгүй бол та хорт хавдартэй үеэ дэмий үрнэ. Бурхан хавдрыг ашигладаг болохоос сэддэггүй гэж хэлэх нь өрөөсгөл. Бурхан аливаа зүйлийг ямар нэг шалтгааны улмаас л зөвшөөрдөг. Уг шалтгаан нь Түүний сэдэл болдог. Молекулын өсөлт хорт хавдар болон ургаж байгааг Бурхан урьдчилан харж чаддаг юм бол зогсоож ч бас чадна. Мөн зогсоохгүй байх шийдвэр ч гаргах боломжтой. Тэрээр ийнхүү зогсоохгүй байх нь хүртэл зорилготой. Тэр нэгэнт хязгааргүй мэргэн ухаантай учраас уг зорилгыг нь сэдэл гэж нэрлэвэл зохино. Сатан бодитой тул олон янзын цэнгэл таашаал, зовлон зүдүүрийг учруулдаг. Гэхдээ л тэр анхдагч нь биш. Тиймээс ч Иовыг Бурхан яр хатгинд бариулах үед (Иов 2:7) Иов үүний эцсийн үр дүнг Бурхантай (Иов 2:10) холбон тайлбарласан байдаг. Мөн онгодоор хөглөгдсөн бичээч “ЭЗЭНээс түүнд учруулсан бүх зовлон зүдүүрийн тухайд тэд түүнийг өрөвдөж, тайвшруулав” хэмээн үүнтэй санаа нэгдсэн байдаг (Иов 42:11). Бурхан үүнийг таны төлөө сэдсэн гэдэгт итгэхгүй бол та хорт хавдартай үеэ дэмий үрэх болно.

2. Хорт хавдрыг бэлэг биш хараал гэж итгэвэл та хорт хавдартай үеэ дэмий үрнэ. "Хорт хавдрын цаана буй Бурханы зорилго нь бидний зүрх сэтгэлдээ түшиглэдэг бүхий л зүйлсийг зайлуулж, зөвхөн Түүнд бүрэн найдвараа тавихад хүргэх явдал билээ." Тэгэхээр одоо Христ Есүс дотор байгаа хүмүүст ямар ч ял үгүй (Ром 8:1). "Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас зольсон юм" (Галат 3:13). Иаковын эсрэг ямар ч ид шид алга, Израилын эсрэг ямар ч мэргэ төлгө байхгүй (Тооллого 23:23). Учир нь ЭЗЭН Бурхан нар бөгөөд бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл ба алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас Ямар ч сайныг нуун дардаггүй (Дуулал 84:11).

3. Та Бурханаас өөр бусад боломжоос найдвар хайвал хорт хавдартай үеэ дэмий үрнэ. Хорт хавдрын цаана буй Бурханы сэдэл нь аливаа боломжийг хүний ухаанаар тооцоолж, учир шалтгаанд тулгуурлахад таныг сургах зорилгогүй. Энэ ертөнц аливаа боломжит зүйлсээс тайтгарал авдаг. Харин Христитгэгчид бол тийм биш. Зарим нь тэргэнд (амьд үлдэх магадлал), зарим нь моринд (эмчилгээний гаж нөлөө) найддаг. "Бид харин Бурхан ЭЗЭНийхээ нэрийг санана" (Дуулал 20:7).

Бурханы сэдэл 2 Коринт 1:9-р эшлэлд тодорхой байна. "Гэхдээ бид өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулах Бурханд найдахын тулд үхлийн ял дор байсан." Хорт хавдрын цаана буй Бурханы зорилго нь (бусад мянга мянган сайн зүйлсийн дундаас) бидний зүрх сэтгэлдээ түшиглэдэг бүхий л зүйлсийг зайлуулж, зөвхөн Түүнд бүрэн найдвараа тавихад хүргэх явдал билээ.

4. Үхлийн талаар бодохоос татгалзвал та хорт хавдартай үеэ дэмий үрэх болно. Есүс дахин ирэх хугацаагаа хойшлуулбал бид бүгд үхнэ. Энэ амьдралыг орхиж, Бурхантай уулзах нь ямар байх талаар бодохгүй байх нь мунхаг хэрэг. Номлогчийн үгс 7:2-р эшлэлд "Найрын өргөө рүү явснаас Гашуудагчийн гэр лүү явсан нь дээр. Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд Амьд байгсад нь үүнийг зүрхэндээ авдаг юм" гэжээ. Та энэ талаар бодохгүй бол үүнийг хэрхэн зүрхэндээ авах билээ? Дуулал 90:12-р эшлэлд "Иймээс бид мэргэн зүрхийг олж авахын тулд өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!" гэсэн байна. Өдрүүдээ тоолно гэхээр тэдгээр нь ямар богино болохыг болон нэг л өдөр төгсөнө гэдгийг бодно гэсэн утгатай. Та энэ талаар бодож үзэхээс татгалзвал хэрхэн мэргэн зүрхтэй болох билээ? Та үхлийн талаар бодохгүй бол ямар их гарз хохиролтой гээч.

5. Хорт хавдрыг "ялна" гэдэг нь Христийг эрхэмлэхээс илүүтэй амьд байх гэсэн ойлголттой байвал та хорт хавдартай үеэ дэмий үрнэ "Та нас барлаа гээд хорт хавдар таныг ялж байгаа хэрэг биш. Харин та Христийг эрхэмлэхгүй байвал хорт хавдар ялалт байгуулна." Хорт хавдрын цаана буй Бурханы болон Сатаны сэдэл өөр хоорондоо адилгүй. Сатан Христийг хайрлах таны хайрыг үгүй хийхийг хүсдэг. Харин Бурхан таны Христийг хайрлах хайрыг улам гүн гүнзгий болгохыг хүсдэг. Та нас барлаа гээд хорт хавдар ялж байгаа хэрэг биш. Харин та Христийг эрхэмлэхгүй байвал хорт хавдар ялалт байгуулна. Бурханы сэдэл нь ертөнцөөр тэжээгддэг байдлаас таныг ангижруулж, Христ хангалттай гэж хөөрөн баясахад хүргэх явдал билээ. Энэ нь таныг "Христ Есүс Эзэнээ танин мэдэхийн хосгүй давуу талын төлөө бүх талаар хохирол амсаж, тэдгээрийг хог гэж үздэг." Мөн ийнхүү танин мэдэхийн тулд "миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм" (Филиппой 3:8, 1:21) гэж хэлж, мэдэрдэг болоход туслах зорилготой.

6. Хорт хавдрын тухай судлахад хэт их цаг зарцуулж, Бурханы тухай судлахад хангалттай цаг зарцуулахгүй байвал та хорт хавдартай үеэ дэмий үрнэ. Хорт хавдрын тухай мэдэж авах нь буруу биш. Үл ойшоох нь ч сайн биш. Гэхдээ хэт их мэдэхийг эрмэлзэж байгаа нь энэ гээд Бурханыг улам илүү танин мэдэх урам зориг дутах нь итгэлгүй байдлын шинж тэмдэг болно. Хорт хавдар биднийг Бурханы бодитой байдлыг анзаарахад өдөөх зорилготой. Энэ нь "Тиймээс таньж мэдэцгээе. ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая" (Хосеа 6:3) гэдэг тушаалыг мэдэрч, дагах хүчийг өгөх зорилготой. Мөн "Харин Бурханаа мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ" гэсэн Даниел 11:32-р эшлэлд агуулагдаж буй үнэнийг анзаарахад туслах зорилготой. Энэ нь биднийг ганхаж гудайшгүй царс мод болгон ийнхүү бүтээх зорилготой: ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт үр жимсээ гаргаж Навчис нахиа нь үл хатах адил Аливаа үйл нь түүнд амжилт авчирна" (Дуулал 1:2-3). Бид өдөр шөнөгүй хорт хавдрын тухай судлаад Бурханы тухай судлахгүй бол хавдартай үеэ дэмий үрнэ.

7. Хайраа илэрхийлж харилцаагаа гүнзгийрүүлэхийн оронд ганцаардмал байдалд автвал та хорт хавдартай үеэ дэмий үрнэ. Филиппой дахь чуулганаас илгээсэн бэлгийг Паулд авчирч өгөх үедээ Епафродит үхлүүт өвджээ. Паул филиппойчуудад хандан "Тэрээр та бүгдийг санагалзаж байсан төдийгүй түүний өвчтэй байгааг та нар сонссон тул шаналсан юм" (Филиппой 2:26) гэж хэлдэг. Ямар гайхалтай хариулт вэ! Энд түүнийг өвчтэй байсанд тэд шаналсан гэж хэлсэнгүй. Харин түүнийг өвчтэй байгааг тэд сонссон тул тэр өөрөө шаналсан гэжээ. Хорт хавдраар дамжуулж Бурхан ийм хайр дүүрэн, хүмүүсийг халамжилдаг зүрх сэтгэлийг л бүтээхээр зорьж буй. Бодолдоо дарагдаж, эргэн тойрноо анхаарахаа больж хорт хавдраа бүү давраа.

8. Найдвар огт байхгүй хүн мэт гашуудвал та хорт хавдартай үеэ дэмий үрнэ. Хайртай дотнын хүн нь нас барсан хүмүүст зориулж "Ах дүү нар аа, нойрсогчдын талаар мэдэхгүй байхыг чинь бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар итгэл найдваргүй бусад хүмүүс шиг гашуудах вий" (1 Тесалоник 4:13) гэсэн энэ эшлэлийг Паул дурджээ. Үхэлд мэдээж гашуудалгүй л яах вэ. Нас барсан итгэгч хүний хувьд ч түр зуурын гарз хохирол тохионо. Тухайлбал, бие махбодоо алдах, хайртай дотнын хүмүүсээ алдах, газар дэлхий дээрх үйлчлэлээ алдах гэх мэт гарз хохирол учирна. Гэвч уг гашуудал нь итгэл найдвар дүүрэн байдгаараа ялгаатай. "... Биеэс хол, Эзэнтэй ойр байхыг илүүд үздэг" (2 Коринт 5:8). Ингэж найдвар огт байхгүй хүн мэт гашуудаж хорт хавдартай үеэ дэмий бүү үр.

9. Та гэм нүглийг урьдын адил хөнгөн хуумгай авч үзвэл хорт хавдартай үеэ дэмий үрнэ. Таныг байнга урхиддаг нүгэл хорт хавдар тусахаас өмнөх үетэй чинь адил таатай санагдаж байна уу? Хэрэв тийм бол та хорт хавдартай үеэ дэмий үрж байна. Хорт хавдар нүглийн өдөөлтийг устгах зорилготой. Бардам зан, шунал тачаал, үзэн ядалт, үл уучлал, тэвчээргүй зан, залхуу, аливааг хойш тавьдаг байдал зэрэг нь бүгдээрээ хорт хавдрын онилж тэмцдэг дайснууд билээ. Та зөвхөн хорт хавдартайгаа л тэмцэнэ гэж бүү бодоорой. Харин ч хорт хавдартайгаа гар нийлэн тэмцэнэ гэж бод. Энэ бүгд хорт хавдраас ч илүү аймшигтай дайснууд. Тиймээс эдгээр дайснуудыг чинь нухчин дарах хорт хавдрын хүчийг дэмий бүү үрээрэй. Өнө мөнхийн оршихуй нь цаг зуурын нүглийг хоосноос хоосон гэдгийг яруу тодоор харуулах болтугай. "Хүн бүх ертөнцийг олж авсан ч, өөрийгөө алдвал ямар ашиг байх билээ?" (Лук 9:25).

10. Хорт хавдрыг Христийн үнэн ба яруу алдрыг гэрчлэх арга хэрэгсэл болгож ашиглахгүй бол та хорт хавдартай үеэ дэмий үрнэ. Христитгэгчид санамсаргүй тохиолоор аливаа нөхцөл байдалд ордоггүй. Ямар нэг учир шалтгааны улмаас л тухайн нөхцөл байдлыг туулдаг. Зовлонтой, төлөвлөөгүй нөхцөл байдлын тухай Есүс юу гэж өгүүлснийг авч үзье: "Харин энэ бүгдээс өмнө Миний нэрээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино. Мөн та нарыг захирагчид ба хаадын өмнө авчирна. Энэ нь та нарын гэрчлэх боломж болно" (Лук 21:12-13).

"Бурхан таныг зорилготойгоор хорт хавдартай болгосон гэдэгт итгэхгүй бол та үүнийг дэмий үрэх болно." Тэгэхээр хорт хавдар нь таны гэрчлэх боломж байх болно. Христ хязгааргүй үнэ цэнтэй. Тиймээс ч яг энэ үе бол Түүнийг аминаас ч илүү үнэ цэнтэй гэдгийг харуулах алтан боломж. Үүнийг дэмий бүү үрээрэй.

Та ганцаараа биш гэдгээ санаарай. Танд хэрэгцээтэй тусламж байсаар байх болно. "Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана" (Филиппой 4:19).

Амьдралаа бүү үр ном

Амьдралаа бүү үр

Don’t Waste Your Life

Жон Пайперын "Амьдралаа бүү үр" номыг Монгол хэлээр унших боломжтой боллоо. Пастор Жон Пайперын "Амьдралаа бүү үр" (Do not waste you life) ном нь Христ итгэлийн уран зохиолд томоохон байр эзэлдэг бөгөөд өндөр борлуулалттай бүтээл юм. Одоогоор энэ ном дэлхий даяар 1 сая гаруй хувь борлогдсон. 2007 онд Евангелийн Хэвлэлийн Холбооноос "Алтан Номын Шагнал" хүртэж байжээ.

Зохиолч

Жон Пайпер

Худалдаж авахЭхний 10 хуудсыг үнэгүй уншаарай. Энд дарж