Христийг таньж, баяр хөөрийг олохуй номын 9-р бүлгийн залбирал
2026.08.18
Залбирал
Тэнгэрлэг Эцэг минь ээ, Та Хүүгийнхээ алдрыг ихэд үнэлж хүндэтгэдэг ажгуу. Тиймээс энэхүү алдрыг нь бүрэн илчилж, таниулахын тулд Сатаныг оршин тогтноосоор байдгийг мэдээд сэтгэл минь тайвширч, ухаан минь саруулжлаа. Христийг өргөмжлөн хүндлэхийн тулд хичээнгүй зүтгэлтэй байхын оронд хөнөөлт дайснаа дураар нь тавьж, хорвоогийн зовлонд хорсон гонгинолдож байсандаа хүлцэл өчин гэмшиж байна. Ариун хүсэл зоригийг тань анхаарч ойлгоогүйг минь өршөө. Аяа, Бурхан Эцэг минь, Аврагч Хүүгийнхээ ариун нандин цусаар атаат дайсан Сатаныг дарах ялалтыг бидэнд соёрхооч. Христийн эрхэм үнэ цэнийг бишрэн харж, хөөрөн баясъюу бид. Есүсийг өндөрт өргөмжлөн, Сатаныг ичгүүр болгоюу бид. Загалмайн үйлсийг тунхаглан алдаршуулж амьдрахад туслаач. Сатаныг зэвсэггүй болгож, үхлийн хатгуурыг зайлуулсан Христийн төгс ажлыг хүндэтгэн бишрэхэд туслаач. Итгэсэн бүгдэд уучлал, ялалтыг өгсөн Эзэн Есүс дотор эрэмгий зоригтой байж, нүглийн хүчний эсрэг найдвараар тулалдахыг заагаач. Диаволын ёрын төлөвлөгөөг хайр энэрлийн төлөвлөгөө болгож, хувьсган өөрчилж болгоо. Хуурмаг заль мэхнээс нь хаацайлан, хамгаалж хайрла. Христийн үлэмж давуу чанар, үнэ цэнийг өр зүрхэнд минь гэрэлтүүлээч. Ахин ирж, амныхаа амьсгалаар арчин устгах хүртлээ Сатаныг ялах зэвсэг болгон Та биднийг ашиглаач. Сүнсний сэлэм болсон сүр хүчит үгээр тань сүнснүүдийг авран чөлөөлөхөд сэтгэлийг минь хүчирхэгжүүлж хайрла. Есүсийн нэрээр залбирлаа, Амен.
