Христийг таньж, баяр хөөрийг олохуй номын 8-р бүлгийн залбирал
2026.08.18
Залбирал
Эцэг минь, бид юу гэх вэ? Христийн туулсан, үгээр илэрхийлшгүй их зовлон шаналлын өмнө хэчнээн зохисгүй болохоо бид ухааран ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Өршөөж хайрла биднийг. Аймшигт нүгэл хилэнц маань Түүнийг ийнхүү тарчлаан зовоожээ. Түүнийг цохиж, нулимаад, элэглэн тохуурхаж доромжилсон нь бид. Өө, Эцэг минь, өршөөн, хэлтрүүлж болгоогооч. Өчүүхэн харалган сэтгэлээ номхотгон, өмнө тань сөгдөн мөргөюү бид. Аяа, Эцэг Бурхан минь, зүрхэнд минь мутраа хүргэн, итгэлийг минь сэргээн шинэчилбээс зүйрлэшгүй аугааг тань бид мэдьюү. Сэтгэлийн минь хөндүүр зовуурь болсон Христийн зовлон тарчлал үнэндээ сүнсний минь аврал гэтэлгэл буюу. Алаг зүрхийг минь нээн, авралын мэдээндээ бүрнээ итгүүлж өгөөч. Хорвоо дэлхийн хамгаас гүн, хамгаас хүчирхэг, хамгаас цэвэр ариун хайраар хайрлагдсан гэдэг үнэнийг хүлээн авч чадахгүй байгаа хөрсөн зүрхийг минь бадраан асаагаач. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгоход минь туслаач. Тийнхүү бид Бурхан Таны бүх дүүрлээр бялхъюу. Аяа, Бурхан минь, хий хоосонд хөөрөн баясаж, хөнгөн хуумгай, харалган мунхаг байж, хийсэн одохоос минь хамгаалж, хүүхдүүдийнхээ төлөө Та Өөрөө тулалдаач. Хүрэхэд хагарах хөөсөн бөмбөлөг мэт хорвоогийн юмсыг хөөцөлдөж амьдрахад ахар богино агаад ариун цусны үнэтэй буюу амьдрал минь. Диваажин дэндүү агуу, там дэндүү аймшигтай, мөнх байдал дэндүү урт тул тэнгэрийн улсын үүдэнд дэмий хоосон эргэлдэх болох нь.?? Аяа, Бурхан минь, Христ зовсон учраас л нүгэл маань уучлагдаж, найдвараар дүүрч, ариуслыг мөшгөн, тэнгэрийн улсын иргэн болсон гэдэг үнэнийг олж харахад минь туслаач. Өчүүхэн зүйлээс айж мэгдэх юм зүрх минь. Христийн зүйрлэшгүй их зовлон шаналлын аугаа алдар сууг хүндлүүлэхээр сэрээж хайрла, Бурхан минь. Түүний аугаа, гайхалтай нэр дээр залбирлаа. Амен.
