Христийг таньж, баяр хөөрийг олохуй номын 5-р бүлгийн залбирал
2026.08.18
Залбирал
Өө, Их Эзэн минь, хорвоо ертөнцийн хамаг зовлон юутай арвин, харуусал гуниг нь юутай их вэ! Энэлэн шаналах үй олон сүнсийг энэ үед найдвараар тайтгаруулж, ирэх үеийн баяр хөөрөөр дүүргээч. Аяа, Бурхан Эцэг минь, Христэд итгэх итгэлээр өгөгддөг нүглийн уучлалын Сайнмэдээтэй нь, хувиршгүй найдварын тайвшралтай нь хамт хайрт чуулганаа Та илгээгээч. Энэ дэлхийд амсаж буй энэлэн шаналах зүдгүүр нь ирэх үед хүүхдүүддээ илчлэх их суу алдартай нь эгнэн дүйх нь үгүй билээ. Эцэг минь, үй олныг үгүйрүүлж орхисон үлэмж гай гамшгийг үзэн ядах бодлуудаас Өөрийн чуулганыг ангижруулаач. Үл тайлагдах зовлонгийн дунд Христийн хүч чадал, мэргэн ухаан, сайн сайханд итгээгүй Иовын эхнэр шиг шүүмжлэгчдээс хайрт чуулганаа хамгаалаач. Өө, итгэлгүй байдлыг минь өрөвч сэтгэлээр уучлаач. Өр зүрхийг минь Та Өөрийн үг рүү хандуулаач. “Бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг” Таны “төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй” агаад төсөөлөө ч үгүй арга замаар, төгс мэргэн ухаанаараа, төгөлдөр сайныг гүйцэлдүүлдэг гэсэнд тань түшиж найдахад минь туслаач. Өө, Бурхан минь, амар амар амгалангаа дүүргэж, амыг минь бувтнан гомдоллохоос авран хамгаалж хайрла биднийг. Төгс хүчит мутрынхаа дор даруу дуулгавартай байлгаж хайрла. Бүгдийг хамтад нь ажиллуулж буй эцсийн, ариун зорилгыг тань эгнэгт харж, хүлээхийг заагаач. Нөхцөл байдал биднийг уйлуулж, дуулуулж байсан ч “найдвар дотроо баярлан баясахад” Та удирдаач. Христ доторх өвийнхөө хязгааргүй гайхамшгийг харахад зүрхний минь мэлмийг нээж хайрла. Өвчин зовлонгоор дүүрэн дэлхийг өрөвдөн өршөөх өр зөөлөн сэтгэлийг өгч соёрх. Есүсийн нэрээр залбирлаа, Амен.
