Христийг таньж, баяр хөөрийг олохуй номын 3-р бүлгийн залбирал
2026.08.18
Залбирал
Төгс хүчит, туйлын өршөөнгүй Бурхан минь ээ, бидний Эзэн Есүс Христ доторх Таны хүч ба өршөөлийг баярлан бахадмуу бид. Түүний арслан лугаа адил хүч чадал, хурга лугаа адил даруу дорд байдалд баясмуу. Юутай ч харьцуулшгүй энэ л эрхэм дээд агуу чанаруудаар нь хүчирхэгжин бэхэжмүү бид. Энэ бүхэн нь Түүнийг эргэлзээгүй цор ганц Бурхан, эгэл бус хүмүүн байсныг эргэлт буцалтгүй батлах ажээ. Өө, ихэмсэг бардам үедээ бид Иудагийн Арслангаас эмээн чичирьюү. Ариун дагшин байдал дор нь ариусан даруусъюу бид. Алдаа оноо, айдас хүйдэс дундаа арслан адил Хурганаас аймшиггүй зоригийг авъюу. Аяа, Христ бүхэлдээ бидэнд хэчнээн хэрэгтэйг хараач! Эрхэм дээд чанарыг нь бүрэн дүүрнээр харахад нүдийг минь Та нээгээч. Хүндлэл мөргөлийг маань доройтуулж, хүлцэл дуулгаврыг маань сулруулдаг, хазайн гажсан дүр төрхөөс минь хагацаан салгаж болгоогооч. Арслангийн хүч, Хурганы хайр нь Христ доторх бидний итгэлийг хөдөлшгүй бат болгох болтугай. Ахархан мөрөөсөл, аз туршсан амьдрал, бүтэхгүй төлөвлөгөөнүүдээс минь бүрэн ангижруулж хайрла. Зоригжуулж хайрла. Хүчжүүлж болгоо. Ариун дагшин хайраараа ариусган, даруусгаж хайрла. Хурга адил нядлуулж, хэмжээлшгүй баяр хөөр дотор амилсан, Иудагийн Арслангийн итгэл хийгээд эрэлхэг зоригийг бидэнд соёрхооч. Энэ бүхнээр дамжуулан нүд бүхэн Христийн алдрыг харж, Эзэн Бурхан Таныг хүндлэн магтах болтугай. Есүсийн нэрээр залбирлаа, Амен.
