Христийг таньж, баяр хөөрийг олохуй номын 13-р бүлгийн залбирал
2026.08.18
Залбирал
Хүүг тань дахин ирэхийг хүсэн хүлээж бэлдэлгүй, хайхрамжгүй хэнэггүй явсныг минь хүлцэж өршөөж болгоо, Аав минь. Сүйт залууг эргэн ирэхийг сүсэглэн хүлээж найдаагүй тул дэнлүүний тосоо авалгүй, дөлийг нь унтрааж орхижээ бид. Талбай худалдаж аваад, таашаан харахаар явж оджээ бид. Үхэр мал худалдаж аваад, өнгө үзэмжийг нь бахдан шагширчээ. Хүүг тань хүсэн хүлээхээс илүү үзэсгэлэнт эмэгтэйг эхнэрээ болгоод, үлэмж ихээр хүсэн тэмүүлжээ. Өө, Эзэн Бурхан минь, өршөөж хайрла биднийг. Өөрсдийн хүсэлдээ хөтлөгдөн, төөрч будилж явснаараа Өөрийг тань бид гомдоож, Үйлчлэгч Хүүг тань гутаажээ. Харин одоо Эзэн минь, хүсэж байна бид өөрчлөгдөхийг. Таны өмнө бид тусламж хайн ирлээ. Зүрхийг минь Та Христ рүү эргүүлээч. Нүдийг минь нээж алдрыг нь харуулаач. Аугаа Бурхан, Аврагч Эзэний минь ирэлт алаг зүрхэнд минь “ерөөлт найдварыг” авчраг. Бүрэн дүүрэн жаргалыг өгдөг, бүхнийг хангагч найдвар энэ буюу. Хорвоотой анд нөхөр болж, ховсдуулсан зүрхийг минь эдгээгээч. Баруун мутарт тань залрах Христийн байгаа газарт бодол санаагаа хандуульюу. “Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь” хэмээсэн Петр элчийн тушаалыг бидний зүрхэнд гүйцэлдүүлээч. Ертөнцөд хэт анхаарснаас улбаатай түмэн янзын зовнилоос салгаж, ерөөл ивээлээ буулгаж хайрла. Махан бие минь өөрөө мөнх бусыг үзэж, дорой бие минь удалгүй Христийнхтэй адил болох тул хайрлахын төлөө бүхнээ зориулдаг хувиршгүй чанд хүмүүс болгож, хувьсган өөрчилж болгоо. Бид Танд хайртай, Аав аа. Хүүгийн тань ирэх мөчийг хүсэн хүлээн нандигная. Агуу нигүүлслийн тань алдрын төлөө амь биеэ зориулж, авралын тань найдвараар аж төрөн амьдаръюу бид. Есүсийн нэр дээр залбирлаа. Амен.
