Христийг таньж, баяр хөөрийг олохуй номын 10-р бүлгийн залбирал
2026.08.18
Залбирал
Аяа, Эцэг минь, нигүүлсэл тань бидний ус агаар билээ. Бид өдөр бүр нүгэл үйлдэж, бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрла гэсэн тушаалаас тань төөрч оддог билээ. Таныг гэх бидний хайр бүлээн болж орхижээ. Хамгийн сайн хүсэл минь хүртэл бохирдон булингартаж гүйцжээ. Бид бувтнан гомдоллож, болоогүй маргаашийн төлөө бухимдан зовнидог. Бушуу уурлаж, бурууг хүсдэг. Бусдад ханддаг шиг минь буцааж бидэнд хандахад бачимдан уурладаг хүмүүс юм бид. Нигүүлсэл өршөөл тань үгүйсэн бол нэг мөр бид сүйрэх байлаа. Аяа, Бурхан Эзэн минь, Христийн өршөөлийг л ширтэн харж, шимтэн баясъюу бид. Хайр өршөөлийг нь ухааран ойлгох хүч чадлыг дүүргээч. Сайнмэдээнд өгүүлэх Христийн өршөөл нигүүлслийн түүхийг уншиж мэдэн, ухаарч ойлгоход удирдан чиглүүлж хайрла. Үйл хэргийг нь биширьюү, үлгэрлэн дуурайж дагаюу. Үлгэрлэн дуурайж дагахдаа өнгөцхөн байдлыг давъюу. Нүглийнхээ улмаас нугарч хугарсан зүрхээр, нигүүлслийг нь нандигнах сэтгэлээр Христийг бид дагаюу. Өршөөлөөр нь амьдарч, үүнд л найдан, үүнийг л хүсэмжлэн алхъюу бид. Аврагч Их Эзэний маань аугаа их нигүүлслийг асар үнэ цэнтэй болгож, алаг зүрхэнд минь дархалж хайрла. Ширтэн харсаар Христийн дүртэй хос адил болох сон. Шимтэн баяссаар Түүний өршөөлийг түмэн хүнд түгээх сэн. Өршөөл нигүүлслээрээ бялхааж өгөөч, өрөөлд цутгаж өгьюү. Шударгыг үйлдэж, энэрлийг хайрлах тушаалаа чин зүрхэнд минь гүйцэлдүүлж болгоо. Өршөөл энэрлийг хайрлаюу. Биднийг хараад бялхам нигүүлслийг тань бусад хүмүүс олж хараг. Христ Хүүтэйгээ нэгтгэж өгөөч биднийг. Түүний өршөөл биднийх болж, тусган харуулья, Христ Эзэнийг. Эцсийн эцэст бидэнд буй нь Эзэн Есүс Христ билээ. Үүнээс өөр зүйлийг өрөөлд өгч үл чадна. Аав аа, бидний итгэл, тэвчээрээр Түүний өршөөлийг алдаршуулаач. Түүний доторх өршөөлд тань дахин дахин талархан мөргөмүү. Есүсийн нэр дээр залбирлаа, Амен.
