Таны аз жаргал Бурханд яагаад чухал вэ?
2026.02.03

Баяр хөөртэй байх нь сонголт биш
Баяр хөөр , аз жаргалтай амьдрал бол Христэд итгэдэг хүний амьдралын салшгүй нэг хэсэг мөн. Үүгээр ч зогсохгүй, баяр хөөртэй байх нь Бурханы бидэнд өгсөн тушаал юм. тиймээс бид баяртай, жаргалтай байхыг зан чанар, дадал болгох учиртай ажээ.
Тэнгэрлэг Эцэгт маань бидний аз жаргалтай маш чухал. Аз жаргал, баяр хөөр гэдэг үг амьдралын өнгөцхөн хачир төдий биш. Мөн бялууны гялалзан, гялтганах чимэглэл төдий ч биш. Харин амьдрал хэмээх баялаг бялууны чухал орц найрлага билээ.
Гэхдээ бид зөвхөн бүх зүйл сайн сайхан үед л баяр хөөртэй байдаг хүмүүс биш. Харин ч Христэд итгэдэг хүний баяр хөөрийн усан сан ямар гүнзгий гэдгийг хагацал гунигийн дунд бүр илүү мэдэрнэ. Учир нь амьдралын хүнд хэцүү шуурганд жинхэнэ баяр хөөр хийсээд алга болдоггүйг бид харах болно. Утга учиргүй, зуурдын хоосон мэдрэмж биш харин жинхэнэ, бодит үнэ цэнэ, хувиршгүй эх сурвалжтай, бүрэн дүүрэн баяр хөөр гэдгийг нь бид хүн хэцүү цагтаа илүү тод хардаг гэсэн үг.
Энэ боломжгүй зүйл биш
“Баяр хөөртэй байх нь сонголт биш” гэдгийг сонсоод танд итгэл найдвар төрж байна уу? Христэд итгэдэг хүний амьдралын зайлшгүй орц нь баяр хөөр юм бол энэ итгэдэг хүн бүрд боломжтой гэсэн үг. Гэм нүгэл, зовлон зүдүүр холилдсон, эмх замбараагүй энэ дэлхийд үүнийг сонсох нь хэчнээн сайхан мэдээ вэ?
Библид баяр хөөртэй байхыг дахин дахин тушаасан. Онцгойлон Дуулал номд Бурханы анхны гэрээт ард түмэн болох Израилчуудад ийн тушаасан байдаг. "Израил, Бүтээгчдээ баярлагтун! Сионы хөвгүүд Хаандаа баярлагтун!" (Дуулал 149:2). "Иаков баясан, Израил баярлана" (Дуулал 14:7). "Эзэнд баярла" (Дуулал 97:12). "Эзэнд баяртайгаар үйлчил" (Дуулал 100:2). "Зөвт хүмүүс ээ, та нар ЭЗЭН дотор баярлан баясагтун. Зүрхээрээ чигч шударга бүгд ээ, та нар баярлан хашхирагтун!" (Дуулал 32:11). Хуучин гэрээнд энэ мэт хэдэн зуун удаа баярлан хөөрөх тухай тушаажээ.
Гэхдээ Бурхан дан ганц Израилчуудад бус, харин бүх үндэстнүүдэд Бүтээгчдээ баярлан хөөрөхийг тушаасан байдаг ("Үндэстнүүд баярлан баяр хөөрөөр дуулаг" Дуулал 67:4). Тэр мөн байгаль дэлхийд ч баярлан хөөрөхийг тушаажээ (Тэнгэрс баясаж, газар дэлхий баярлаг Дуулал 96:11).
Бурхан Өөрийн тэнгэрлэг мөн чанараа өөрчлөлгүйгээр хүний дүрээр энэ гэмт ертөнцөд ирж, "зовлон шаналлын хүн" болсныг Шинэ гэрээнд өгүүлдэг (Исаиа 53:3). Ингэснээр Тэр бидэнд баярлан хөөрөх шалтгааныг нэмж өгөн, баяр хөөртэй байхыг хэнээс ч илүүтэй тушаасан юм. "Тэнгэр дэх шагнал чинь агуу учир баярлацгаа, мөн хөөрөн баясацгаа" (Матай 5:12). "Баярлан цовхч" (Лук 6:23). "Нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун" (Лук 10:20). Тиймээ, Баяр хөөртэй байх үнэхээр боломжтой. Бид энэхүү жинхэнэ баяр хөөрөөр бялхан дүүрснээр эргэн тойрны найз нөхөд, хөршүүддээ "Надтай хамт баярла" хэмээн хэлж чадах юм (Лук 15:6, 9).
"Зовлон шаналлаас маань ч илүү гүн гүнзгий баяр хөөр бидэнд бий."
Хэрэв энэ нь тийм ч ойлгомжтой биш байвал, элч Паул чуулгануудад бичсэн захидалдаа үүнийг маш тодорхой онцлон бичжээ. "Найдвар дотор баярла... Баярлаж буй хүмүүстэй хамт баярла" (Ром 12:12, 15). "Эцэст нь, ах дүү нараа, баярлагтун" (2 Коринт 13:11). "Үргэлж баяртай бай" (1 Тесалоник 5:16). Ингэхдээ Филиппойчуудад хандан хэд хэдэн удаа бичжээ. "Үүнчлэн та нар ч баяртай байж, надтай хамт баярлан хөөрөөрэй" (Филиппой 2:18). "Эзэн дотор баярлан хөөр" (Филиппой 3:1). "Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлье, баярлагтун" (Филиппой 4:4). Бид энэ амьдралын янз бүрийн зовлон дундуур маанагдуу юм шиг явах бус, харин Христийн дотор энэ зовлон шаналлаас маань ч илүү гүн гүнзгий баяр хөөр байгаа учраас "гутрангуй юм шиг боловч үргэлж баяр хөөртэй" (2 Коринт 6:10) байдаг хүмүүс юм.
Библи биднийг баярлан хөөрөхийг цуцашгүйгээр шаардаж байдгийн нэг шалтгаан нь Бурханы сайн сайхан мөн чанарын улмаас билээ. Бидний баяр хөөрийн суурь нь Түүний сайн сайхан мөн чанар юм. "Эзэн Бурхан чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи... баярлах ёстой" (Дэд хууль 26:11). Бүтээлийн баярлан хөөрч буй зүрх сэтгэл Бүтээгчийн сайн сайхан зүрх сэтгэлтэй уялддаг. Баяр хөөр бол баяр хөөрийг өгөгч Бурханы сайн сайхан зүрх сэтгэлд хариу үзүүлж буй үйлдэл юм.
Гэхдээ би баяр хөөртэй биш байна, яах вэ?
Баяр хөөртэй байх тушаал зарим нэгэнд нь боломжтой мэт, харин заримд нь боломжгүй мэт сонсогдож болох юм. Тэгвэл аль аль Бурханы өмнө зөв гэж хэлж болно. Бид нар гэм нүгэлтнүүд бөгөөд сүнслэг байдлын хувьд үхмэл байв (Ефес 2:1–3). Бид ихэнхдээ сүнсний хувьд бүүдгэр, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдаг. Бид Христ дотор байгаа ч гэсэн өдөр бүр дүнсгэр байдлаас гарч, сэтгэл зүрхээ сэргээчхээд дараа нь дахиад л хуучин байдалдаа орчихдог хэлбэлзэлтэй галзуу хулгана дээр сууж буй мэт байдаг.
Тиймээс өөрийнхөө хэр хэмжээг мэдэж, бодит байдлаа шударгаар хүлээн зөвшөөрөхөд суралцаж буй хүмүүс л ямар өчүүхэн баяр хөөртэй гэдгээ ухаарч "авралынхаа баясгаланг надад сэргээж өгөөч" хэмээн Бурхан Ааваас дахин дахин гуйдаг (Дуулал 51:12).
Хэт өөрийгөө өрөвдсөн эсвэл өөртөө төвлөрсөн хүмүүс "баяр хөөртэй байх нь сонголт биш" гэж сонсоод боломж биш буруутгал мэдэрч, дарамтад орж болзошгүй. Энэ нь даагдахгүй үүрч яваа ачаан дээр шинийг нэмж буй мэт санагдаж магадгүй.
Гэхдээ баяр хөөргүй байлаа гээд бүх зүйл дуусчихсан гэсэн үг биш. Бидэнд хүчирхэг Нэгэн бий.
Танд баяр хөөрийг өгөхдөө туйлын итгэмжит Бурхан
Эцэс төгсгөлгүй алдаа дутагдал дунд маань Өөрийнхөө дотор өнө мөнхийн баяр хөөрийг өгөгч Бурхан итгэмжит гэдэг нь үнэхээр сайн мэдээ юм. Бурхан энэ ертөнцөд хүндлэл, алдрыг авах зорилгынхоо төлөө бүхнээ зориулдаг шигээ Өөрийнхөө дотор бидэнд баяр хөөр өгөхдөө туйлын итгэмжит юм. Учир нь бидний баяр хөөр Түүний яруу алдартай салшгүй холбоотой. Үүний тухай пастор Жон Пайпер "Та Бурхан дотор сэтгэл бүрэн дүүрэн хаманмжтай байх үедээ л Бурханыг алдаршуулж чаддаг" гэж бичсэн байдаг шүү дээ.
"Бурхан энэ ертөнцөд туйлын зорилгоо биелүүлэхийн төлөө бүхнээ зориулдаг шигээ Өөрийнхөө дотор бидэнд баяр хөөрийг өгөхдөө туйлын итгэмжит юм"
Бурхан зөвт бөгөөд алдар суундаа хайхрамжгүй ханддаг Нэгэн биш. Тэгэхээр "Бурхан бидний баяр хөөрийг үл тоодоггүй" гэдэг нь Түүний Хүүгийн зөвт байдал болоод цусанд нь итгэн найдагчдад буй сайн мэдээ юм. Энэхүү баяр хөөр нь гэм нүглээр дүүрэн энэ дэлхийн нөхцөл байдлаас хамаарсан хоосон, утга учиргүй, хуурмаг биш, харин амьдралын хамгийн хүнд хэцүү үед ч бүрэн дүүрэн, бодит, үнэ цэнтэй гүн гүнзгий мэдрэмж төрүүлэх баяр хөөр юм.
Бид Христээр дамжуулан зөвхөн Бурханы аймшигт уур хилэнгээс өршөөгдсөн төдийгүй, өдгөө Түүний бүхний дээгүүрх агуу хайр дотор бидэнд зориулсан гүн гүнзгий баяр хөөрийг хүлээн авсан юм. "Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж, бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана." (Иеремиа 32:41).
Энэ амьдралд бидний баяр хөөр төгс төгөлдөр болохгүй. Бид үргэлж л ачаа дарамттай, зовлон гунигтай тэмцэлдэн байх болно. Бидэнд сэтгэл түгших, санаа зовох зүйл ч байх болно. Хүнд хэцүү, аз жаргалтай өдрүүд ээлжлэн ирнэ. Гэсэн ч бид өнөөх баяр хөөрийг амталсан билээ. Энэхүү дуусашгүй баяр хөөр нь ирж байгаа бус, харин одоо ч, онцгойлон хамгийн хүнд үедээ ч үүний сайхныг бид амтлах боломжтой байдаг. "Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг" (1 Петр 1:8).
"Баяр хөөртэй байх нь сонголт биш" гэдэг нь Христитгэгчдийн хувьд сайн мэдээ юм. Учир нь үүнээс ирэх ачаа нь бидний сул дорой нуруун дээр биш, харин хүчирхэг Бурханы Өөрийнх нь мөрөн дээр буудаг юм.
Давид Матис нь (@davidcmathis) Бурханыг хүсэмжлэхүй үйлчлэлийн (desiringGod.org) гүйцэтгэх редактор, Ситис чуулганы пастор. Тэрээр гэрийн эзэн, дөрвөн хүүхдийн эцэг бөгөөд Баяр хөөрийн ажилчид: Христчин удирдагчдад хандсан Христийн дуудлага номын зохиолч (Workers for Your Joy: The Call of Christ on Christian Leaders, 2022).
